Categories
Чөлөөт

Татсан тамхины ишээ хаявал тавин сая төгрөгөөр торгохыг та дэмжих үү? 1.ТИЙМ 2.ҮГҮЙ

Цэвэр цэмцгэр Сингапураас туршлага судлаад ирсэн Ерөнхий сайд маань акууркаа гудамж, талбайд ил задгай шидсэн “ядуу” Монгол тамхичинаа 50’000’000 төгрөгөөр торго гэж хэлсэнийг сая фэйсбүүк ухаж байгаад үзлээ. 50’000’000 байх даа ч яахав дээ. 5000 төгрөг бол яахав, акууркаа шидээд торгуулаад байж болох л юм. Ёстой “бороонк” хөдөлчихлөө. Уур хүрч, уушиг зүрх минь амаар гарах нь. Болкоон дээрээ гарч ганц тамхи татаж, тайвшрах минь… МАН-ын 30 дугаар их хурлаар Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулахдаа “…зарим асуудлыг шийдхийн тулд ард түмэнд их, бага хэмжээний өвдөлтийг мэдрүүлэх болно” гэсэн нь чихэнд цуурайтах шиг болов. Төр хонгон дээр минь банзадвал шарандаа тэснэ ээ. Харин ганцхан акууркнаас болж тэртэй тэргүй амьдралд хүрэлцэхгүй байгаа цалингаас минь олон арав дахин мөнгөөр торгоно гэвэл үнэхээр өр зүрх минь өвдөх болно. Та нар ядарсан иргэдээ торгож ханав уу? Гэсэн шүү юм бодоод тамхиа шуналтай соров. Энэ бичлэг бол эх орноо үнсний сав болгогчдод сануулга өгч буй санаатайгаар тараасан сайдын бичлэг. Ирэх намар ирэх эхний “өвдөлт”. Хонго тариа тарихын өмнө хоёр, гурав тогшдог доо.

– Юун тариа?- Акууркны эсрэг в:а:к:ц:и:н… Бид чинь жилд 170’000’000’000 төгрөгний тамхи татдаг тамхичин ард түмэн шүү дээ. Өдөрт 3 ширхэгийг татдаг хүн жилд 1000 ширхэг акуурк хаяж байна. Үүний хэд нь хогийн саваа онодог бол? Зун болгон эх орноороо аялсан бидний халагладаг сэдэв бол хог. Эх орны маань хаа сайгүй гялгар уут хийсч, ундааны сав өнхөрч, архины шил гялалзаж байна. Хотын маань хаа сайгүй акуурк хэвтэж, шүлс гялтайж байна. Аялахаар ирсэн гадаадууд хүртэл хог цэвэрлээд явж байна. Багшийн дээдийн тэнд Япон эмгэн өдөр бүр акуурк түүдэг байсан. Харин бид акууркаа хаа сайгүй шидэж байна. Хогны эсрэг “дайн”-ыг бидний нүдэнд дасал болсон акууркнаас эхэлж байгаа юм биш үү. Ингэхэд тамхиныхаа ишийг энд тэндгүй хаях нь зөв үү, та минь ээ. Иргэдийн амьдрал хэцүү байгаа тул торгууль ч гэсэн бага байх ёстой гэдэг нь хэр авцалдаатай юм бэ? Торгох, торгуулах нь орлоготой хамаатай юу? Ухамсартай хамаатай юу? Торгуулийн зорилго нь юу юм. Та торгуулахгүй байж болдоггүй юм уу? Энэ бүх эгдүүцэл, эсэргүүцэл чинь “Тамхиа хаа хамаагүй хаямаар байна. Тэгээд бага мөнгөөр торгуулъя” гэж л сонсогдоод байна даа. -Хогтой хатуу тэмцье гэхээр бүр ихээр эсэргүүцээд байгааг чинь юу гэж ойлгох вэ? -Акууркаа дуртай газраа няслах, 50 саяын торгууль хоёрын аль нь 1-р асуудал юм бэ?-Сошиалчид алийг нь түрүүлж шүүрч аваад шуугих ёстой юм бэ? -Хот нэг үеэ бодвол хогийн савтай, тамхины цэгтэй болсон. Үнсний савгүй машин гэж байхгүй. Тамхи барьсан гар тань гадагшаа бус дотогшоо сунахад л болно.

Тамхиныхаа ишийг тийш нь хийчих. – Миний машин хогийн сав уу?- Тэгээд Улаанбаатар чиний үнсний сав юм уу? Өчүүхэн цогтой акууркны учруулсан хохирлыг сануулах олон түймрийг бид мэднэ. Торгуулах нь бүү хэл дээлийг чинь ч нөмрүүлж мэднэ. Орцондоо, пүнкэрт, шатан дээр хаясан олон акуурк олон айлыг орох оронгүй болгож ч байсан. Архинд бурууг өгдөг шиг акууркыг бас хэлмэгдүүлмээргүй байна. Хэн түүнийг татаад хаяв. 50 сая бүү хэл 5 тэрбумаар торгоно гэсэн ч торгуулахгүй байж болно. Акуурка хогийн саванд хийгээд л гүйцээ. Тэр цагт тэр муу төр засаг, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ чамд ч торгуулна гэж байхгүй шүү. Эцэст нь хот хоггүй, хэтэвч мөнгөтэй, орчин цэвэр үлдэнэ. Тамхи дуусаад акууркандаа тулчихаж. Дотор ч уужирлаа. Доош нь шиддэгээрээ шидчих үү. Ер нь больё. Болкоон дээрээ нэг варианы шил тавья… Ч.Явуухүү эх сурвалж: энд дар

Leave a Reply

Your email address will not be published.