Categories
Чөлөөт

Их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсан Украины ачааны нисэх онгоц Грект осолджээ.

Их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсан Украины ачааны нисэх онгоц Грект осолджээ. Серби улсаас Бангладеш улс руу их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсан ачааны нисэх онгоц Бямбаас Нямд шилжих шөнө Грекийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт осолдож, хүчтэй дэлбэрэлт болсон байна.
Нислэгийн багийн гишүүн найман хүн энэ үеэр бүгд амиа алджээ. Серби улсын батлан хамгаалахын сайд Небойша Стефанович уг онгоц 11.5 тонн зэр зэвсэг тээвэрлэж явсныг баталсан байна. Ачааг хүлээн авагч нь Бангладешийн батлан хамгаалах яам байжээ. Осолдсон Антонов Ан-12 нисэх онгоц нь Украины агаарын тээврийн Меридиан компанийн өмч юм байна. Амиа алдсан хүмүүс бүгд Украины иргэд байсныг тус улсын гадаад хэргийн яам баталжээ. Онгоц агаарт байхдаа шатаж эхэлсэн бөгөөд унаж дэлбэрэхээс нь өмнө нисгэгч удирдлагын төвтэй холбогдсон тухай Грекийн албаныхан мэдээлсэн байна. Осолдсон онгоц Йорданы нийслэл Амман хотын чиглэлд нисэж, тэнд түр зогсохдоо шатахуун цэнэглэх гэж байжээ.
Шатсан онгоцноос хортой хий ялгарч буй тул ослын газрыг битүүмжилж, тусгай хамгаалах хувцас хэрэгсэлтэй цэргийн алба хаагчид нөхцөл байдлыг үнэлэхээр очсон байна. Ойр орчимд амьдардаг хүмүүст цонхоо хааж, амны хаалт зүүн, гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Зөвлөлтийн үед зохион бүтээсэн Антонов Ан-12 ачааны нисэх онгоцыг 1957-1973 оны хооронд үйлдвэрлэж байсан юм. Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published.