Categories
Чөлөөт

“Тамгагүй төр” -ийн дуулиан дундуур өөрийн мэдэх ганц нэг үнэнийг хэлэх цаг нь болсон гэж бодож байна.

“Тамгагүй төр” -ийн дуулиан дундуур өөрийн мэдэх ганц нэг үнэнийг хэлэх цаг нь болсон гэж бодож байна. 2017 оны 6 сарын эхэн юмсан. Зохиолч Б.Сарантуяа бид хэд Чикагогоос алдарт Ниагарийн хүрхрээг зорин довтолгож явлаа. Б. Лхагвасүрэн ахыг Дэнверийн “Тулга” клубынхан суулгаад давхисан, 2 цагийн өмнө яваа. Аян замын уртыг хороохоор youtube дээр дуу сольж явтал ашгүй П.Бадарч ахын орсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийн дугаар дөнгөж цацагдсаныг тавиад таг сууцгаав. Явуухулан багш тэрийг тэнд янзалчихсан, энийг тэнд тэгчихсэн шүү дээ гэж ярьдаг хэл ам таталсан тэр дугаар л даа. Ниагарад оройхон дөрөө мулталлаа. Лхагваа ахад Бадарч ахын дугаарыг үзснээ хэллээ. Өвгөн -Юу ярьж байна ? гээд сэртэс хийгээд ирж байна. Явуухулан гуайн тухай ярианых нь сэжүүрээс дурстал дүрсхийгээд л аслаа. Баатар муу п…., дандаа ийм заваан юм хийдэг. Хар материал, монтажаа ялгахтайгаа л найруулагч баймаар. Би тэр Монгол тулгатанд нь ахиад орохгүй гэж дүрэлзээд намдаж билээ. Яг хар материал дээрээ бол Явуухулан багш ам дагуулаад энийг үзсэн, тэрийг янзалсан гэж ярьдаг ч тэр нь худлаа, үгэнд дурласан биднийг цаашлуулсан, чулуу хөөлгөсөн дамшиглал байдаг гэсэн тайлал байсан юм билээ. Баатар тэр тайлалыг нь тасдаад монтажлачихсан. Тайлалгүй болохоор үнэхээр л тийм явдал болсон мэт ойлголт нийгэмд үлдээчихсэн. Ийм л нэгэн хэрэг болж билээ. Амьд гэрчүүд нь ч байна. Хүн нь ухаантай, эгэлгүй болохоор араас нь тайлбар энэ тэр хийж шалчиганаагүй байх гэж боддог. Баатарын нэр нүүрийг ч хайрлаа биз. Тайлбар хийж дуугарая гэсэн намайг л лав хорьсон юм даг. “Монгол тулгатны 100 эрхэм” Херо Баатарыг ,П.Ануужинг олны танил болгосон байх. Х.Баттулгын дээшээ мацах гишгүүр ч болсон байх. Б. Лхагвасүрэн гэдэг хүн оролцсоноороо харин 100 эрхэмийг агуулга, үнэ цэн болгосон болов уу. Үүнийг ярьснаараа нэвтрүүлгийн үнэ цэнийг, ач холбогдлыг, оролцсон олон сайхан хүнийг үгүйсгэж байгаа юм биш. Тэр бол тусдаа ойлголт. Өвчтэй зовлонтой үед нь тусалж барьж байсан нь бол хүн ёсны хэрэг. Тэр бол бүүр тусдаа хэрэг. Факт хөөсөн найруулагчийн шийдлээс болж муу Лхагваа ах минь бөгс бөөр ярьдаг өвгөн гэж мөн ч их адлагдсан даа. Одоо ч түүнийг зарж идсээр л. Өвийг нь сэргээж байна уу, ясыг нь өндөлзүүлж байна уу мэдэхгүй юм. Ганц л зүйлийг гэхдээ би сайн мэднэ. Женкотой женкогүй, Херотой херогүй монголын ард түмэн суут найрагчаа мэдэхдээ мэднэ, дурсахдаа дурсана гэдгийг л.

Leave a Reply

Your email address will not be published.