Categories
Чөлөөт

И.Мөнхсаруул: Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргө

ИЧИННОРОВЫН МӨНХСАРУУЛ: АГУУ ЮМ ЭНГИЙНЭЭС Монгол хүний тэнгэр заяа гэдгийг алсаас хайх хэрэггүй юм. Аав ээжээс уламжлаад ирсэн аман сургаал, зүйр цэцэн үгс, ахуй амьдралдаа хэвшүүлээд ирчихсэн аяг жаяганд нь байж байдаг. Өөрийгөө бас өрөөлөөс хайх хэрэггүй юм, өссөн төрсөн, өндийж боссон, өеөдөж унасан алин боловч тэр л зам мөрт чинь бий. Харин түүнийгээ зөв харж тайлж чадаж байна уу. Сайныг нь үлгэр болгоод, саарыг нь сургамж болгоод авч чадах уу гэдгээс цаашдын хувь заяа чинь шалтгаалдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Энэ л сайн явах замыг заагаад дом болгоод ахуйдаа хадгалчихсан байдаг. Үр хүүхдээ төрөхөөс эхлээд дом заслыг нь аав ээж нь хийгээд ирсэн. Хүүхдийг нэхий өлгийдөө тосч, нэр өгөхөөс эхлээд бүгд дом. Нэрийг аав нь өгнө. Тэгэж байж өвөг дээдэс, өндөр тэнгэртээ даатгагдана. Нэрээ голж болохгүй, хагасалж дууддаггүй. Нэрээ эрхэмлэн дээдэлж, амь шигээ хайрлана.Нэрээ дааж алдрын зэрэгт хүрнэ. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Хүүхэд угаах, хөлд оруулах, даахь үргээх бүгд дом засал. Гэр бүлийн хүрээнд маш ариун нандин хийх хэрэгтэй. Хүүхдийн хувь заяаг сэвтээхгүй билиг ерөөлийг бодож үйлднэ. Хүй дарсан чулуу гэдэг дээ. Эхэсийг гэрийн буйранд оршооно. Эмнэлгээсээ хэлээд авчих хэрэгтэй шүү. Хүйг мөн л төрсөн газарт үхэр чулуун дор долоон хомоолоор домнож оршооно. Зөвхөн өөрт нь хэлж зааж өгнө. Тэндээ очиж хөрвөөж хожим амьдралынхаа эрч хүчийг сэргээж байдаг. Төрсөн нутаг эх орноо хайрлах хайр эндээс эхэлнэ. Ингэж бат гагнаж иржээ. Уул ус нь үрээ таньж өргөж, хамгаалж байдаг. Тэр уул ус ариун дагшин байх тусам тэр хүн сайн явна. Гэрлэн бие дээр энэ эрчим сууж, хамгаалалт бүрхүүл үүсгэдэг юм шүү дээ.Долоон хүрдний гэрэл дээр тэнгэр, газрын эрчим нэмэгдээд 9 өнгийн солонгон бүрхүүл дотор хүн гэгч байдгаараа дээдийн хувь заяатай. Ялангуяа энэ жамыг мэдэж сахиж чаддаг Монгол хүн эгнэшгүй тэнгэрлэг. Сүр сүлд гэдэг чинь хүний дотоод хүч. Сэтгэлтэй нягт холбоотой. Сүнс бол чи байгаагийн утга учир. Өнөөдөр энэ мөнхийн утга учир болсон сүнсээ хаяж гомдоож байна. Бие нь бохирдоод ирэхээр сүнс зайлна, сүлд хазайна. Зөвхөн айж цочихоор л сүнс зайлдаг гэж ойлгодог. Сүнсэндээ бие гологдох нь их болж. Ар.хи да.рс уух, алив муу муухайг хэлэх, үйлдэх, ялангуяа газар лус хилэгнүүлэх гээд. Бумбын эрин, өндөр хэмжээст ертөнц рүү шилжсэн гээд ярьдаг. Тэгэхээр шүүлтүүр буюу шалгуур өсчихлөө гэсэн үг. Сүнсгүй бие нөгөө ертөнц рүүгээ л явна биз дээ. Эсвэл муу юманд эзлэгдэнэ. Энийг давах бэлтгэлийг бидний өвөг дээдэс аль эртнээс мэдээд бидэнд заагаад үлгэрлээд өгчихсөн. Ингэвэл болохгүй гэдгийг заагаад өгчихсөн. Харин өдгөө гажуудсан нь их байна. Засах ёстой юм.Монгол хүн тэнгэртэй гэдгийн учир нь өөрийгөө аваад явах чадлыг хэлдэг. Ил, далдын ямар ч шалгуурыг давах чадвар яс, цус, сүнсэнд нь бий. Энийг л сэрээх таниулах үйлийг 2012 оноос хойш бүтээж явна. Олон газар тэнгэрийн санаагаар үйл явагдаж байна. Дэлхий даяараа сэрж байна. Мухар сүсгээс ангижрах эрэлд гарсан. Гэгээрэл бодитой болж, олон мянгаараа ухаарч байна. Дом засал үүнд л хүч дэм өгөх ёстой юм. Засал домын дээд нь тэр хүнийг өөрийгөө засаад залаад аваад явчих чадварыг суулгах юм. Хүн бүртээ уулзвал барагдахгүй шүү дээ. Би ч бас өөрийгөө танихаас эхэлсэн. Сэрсэн гэх үү дээ. Хүн бүрт ийм боломж бий. Зөн билгээ нээх чадвар шүү дээ. Монгол хүний тэр тэнгэрлэг хувь заяаг гарт нь атгуулахсан. Сүнс сэрэх гэж яриад байгаа чинь энэ л эрх чөлөөгөө олж, энэ л мэдлэгээ өөрөө эзэмших явдал юм. Хүн үүнийгээ олоогүй байхад бусдаас дэм хүсч хүнээр заслаа хийлгэж, хүний л гарт орохоос өөр аргагүй шүү дээ. Өөрт нь чадна, дийлнэ гэсэн итгэл дутдаг. Учрыг нь тайлаад хэлээд өгөхөөр итгэлийн гал асдаг. Энгийн боловч хэдэн чухал зөвлөгөөг өгье. Галаасаа эхэл. Эцгээс гал дамжиж явна.Эцэг нь хүүдээ галаа таслаад өг. Бэр нь түүнийг манаад явна. Хүнээр тахиулж болохгүй. Заалгаж болно. Үе сүүлээр л тахьчихна. Үе сүүл, шар тос, арц ганга, аргал хомоолоо бэлдчих. Бор цай, будаагаа уул усандаа өргөчих, сүү, цайны дээжээ өвөг дээдэс, харсан даасан тэнгэртээ өргөчих, тавагтай идээгээ засаад халуун ам бүлээрээ цайлж дайлчих. Гэрийн эзэн арц ганга, шар тос, үе сүүлээ барьж байгаад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн овог нэрсийг хэлж таниулан, ерөөлөө хэлж өргөнө. Таван өнгийн хадгаараа хурайлан хишиг буянаа дуудаж болно. Энэ хадгаа авдрандаа эвхэж хадгална, дараа нь дахиад л дэлгэж буян хишгээ тосно. Орон сууцны айл бол хээр гарч галаа тахиж болох ба галаа манаж дуусган үнснээс нь дээжлэн авна. Үүнийг түгээл гэнэ. Түгээлээ гэртээ дом болгон гэрийн бэлгэдлийн тулгандаа хадгална. Үр хүүхдүүддээ түгээлээсээ тасдан өгч болно. Өргөл өргөх буюу бусдад сайныг хүсэх, сайхныг өгөхөд хүний хүрд зөв эргэж байдаг юм. Ауарагаа засна гэсэн үг.Мууг хэлээд, мууг үйлдээд, байнга л авахыг шунаад байвал сөрөг эргэнэ. Ийм л учраас өглөө бүр сүү цайны дээжээ өргөж, сайныг хэлж, амны билгээр явдаг юм шүү дээ Монгол хүн чинь. Дэлхий дахинд хүнд шалгуурууд тулгарч байна. Бидний өвөг дээдэс эртнээс урьтаж мэдээд тосож бэлдээд үлдээсэн тэр л буянаар бид сайн сайхан давчих гээд явж байна. Одоо талархал хайр энэрэл л хүмүүн бидэнд хэрэгтэй. Уул усаа хүртэл эзэнтэй болгоод эзэд нь тэнгэртээ тэтгэгдээд ирсэн тэр л их хүчээрээ үрс биднийгээ манаж байна. Нутаг нутгаа аргад. Айл гэр эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хүндэл. Үр хүүхдэдээ зөв үлгэрлэ. Бүгд өөрийн аягатай бол. Аягаар ил далд сэв ирдэг. Олбогтой болчих. Ноён нуруу тэгширдэг юм. Суудал сэнтий чинь хазайхгүй байж, нийгэмд эзлэх байр суурь чинь тэгш байна. Өөрийн орон зай зөв болно. Эсийг гийгүүлдэг эсгий гэж сайхан юм бий. Буяныг хотлуулдаг хонин сүргийн хишиг. Дээлээ өмс. Гэрлэн биеийг бүтэн болгодог, товч шилбэ нь хүртэл хамгаалалт болдог юм.Унаа хөлгөө ерөө, цагаалж бай. Босгоо сүүгээр цагаалаад байвал сэв хир нэвтэрдэггүй. Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. Гомдол дотор чинь горойгоод байвал саранд хэлээд ариусгачих. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргө. Бусдын сайхны төлөө өргөж байвал буян нь ахиу ирнэ дээ. Эх орон, эгэл түмнээ элгэндээ тээсэн хүний дотоод хүч буюу сүр сүлд нь өндөрт байдаг юм. Энэ агуу дөрвөн хайрхандөө өглөө бүр залбир. Хатан Туулаа магт. Байгаа байгаа газрынхаа уул усыг хүндэл. Байгал дэлхий ямар байгааг харж байгаа шүү дээ, эргэн тойронд юу болж байна. Та бидний ерөөл, энэрэл хайр, сайн сайхан эрчмэээр л муу юм тойрч, сайн сайхан ирнэ шүү дээ. Энгийн бөгөөд агуу энэ л хайраар Мөнх тэнгэртээ ивгээгдэж буй билээ бид. Ойлгохоосоо буруутгах нь их тул Гэгээнтэнийхээ энгүүн сайхан ярианаас товчлон ухаарах нэгэнд хэрэг болог гэсэн сэтгэлээр хүргэв. МӨНХТ ТЭНГЭР ИВГЭЭХ БОЛТУГАЙ.

Leave a Reply

Your email address will not be published.