Categories
Чөлөөт

Сүлд дуудах ба Заяа түшсэн таван тэнгэр

Сүлд дуудах ба Заяа түшсэн таван тэнгэр: Сүлд дуудахыг Төвөдөөр Цэгүг, Лхагүг, Лагүг гэж нэршдэг. Энэ нь Насанд цөв орсон бол дуудах, Сүр жавхаа доройтсон бол сэргээх гэсэн утгатай юм. Ийн Сүр Сүлд насны буян дуудах ёсны уг шаг нь эртний Энэтхэгийн оюуны түвшний оргилд хүрсэн их хутагт, бандида, шид бүтээлтнүүдийн амлаж баттай хийдэг тэрхүү аргыг хуулбарлан түүнийг билгэдсэн утгатай юм. Энэ хоосон зүйл хаа нэгтэйгээс дуудсан бус, тоолшгүйгээс хураасан буян нүглийн цогц үйлүүд сэтгэлийн үндсэнд далд буюу авъяас хэлбэрээр унтмал байдлаар хадгалагдаж буй ба тэрхүү насны буян, ахуй эдлэлийн буяны үйлүүдийн боловсрох шалтгааныг дуудан, боловсруулж энэ төрөлдөө эдлэх нас буяныг арвижуулж өгдөг нь дээд хутагтын эрдэм чадлын илэрхийлэл бөлгөө. 🙏 Үйлийн эрхээр тухайн хүнд өөрийн Хувь болон ирсэн тавилан заяаг тэтгэгч таван тэнгэрийг Төвөдөөр ” Говий лха” хэмээн нэршдэг. Хүмүүнийг хүн төрөл авахаас нь авахуулан өөрийн бие адил амьдралын турш хамт оршин сахин тэтгэдэг таван тэнгэр буй. Эдгээр нь орны тэнгэр, охин тэнгэр, эр тэнгэр, амин тэнгэр, дайсны тэнгэр хэмээх тав юм. “Заяа тэтгэгч таван тэнгэр” буюу “Говийн Лха”-г шүтэх, шүтсэний тус эрдмийг өгүүлвээс: Одоо цаг буюу Цөвүүн цагт оршиж буй хүмүүс бид муу сэтгэл бодолдоо автан гурван эрдэнэ номын сахиусны тааллаас хальсан муу үйл санаатай санаагүй хийсний үр дагавараар хувь хүн төдий бус нийтээрээ төр улс нь хямарч, нүдний харц, царай зүс гундах, удаан хугацаагаар өвдөх, бузартах, бусдын хэл аманд амар өртөх, амьдралд итгэлгүй болох, өөртөө итгэлгүй бие сулбайн хийморь сүлд нь доройтож, ажил үйлс нь үл бүтэж, бие сэтгэл нь өвчнөөр шаналж, идээ ундаа нь хүртэл хортой болж эрүүл саруул тайван амьдрах нөхцөл бүрээс ангид нийгэмд амьдарч байгаа нь сүлд тэтгэгч тэнгэр харьсны шинж юм. Үнэн сургаалыг үгүйсгэх, архи дарсанд өөрийн мэдэлгүй автах, ад донд хорлогдох, завсаргүй их нүгэл хийх зэрэг муу үйлээс болж хүний сүлд тэтгэгч тэнгэр хаяж араараа зүглэдэг байна. Энэ бүгдээс ангид байх арга нь сэтгэлээрээ муу бүгдийг хийхээ тэвчин хориглож, хууль дүрмийг шудрагаар сахиж хүн бүхэн хувьдаа эс анхаарваас насан туршид тэтгэх таван сахиус маань нүүр буруулж дээр дурьдсан бүхэн үргэлжилсээр байх юм.Муу бодол үйлдлээс сэтгэлээрээ өөрийгөө ялан дийлж сайн үйлсийг үргэлж бүтээх аваас “Заяа тэтгэгч таван тэнгэр” тань үргэлж танийг тэтгэж урт удаан аз жаргалтай эрүүл саруул амьдран, улс орноороо амар тайван байхын үндэс суурь болох юм. Мөн дашрамд дурьдахад “Сүлд дуудуулах”-тай холбогдох “Сүнс дуудах” гэсэн нэгэн ташаа ойлголт сүсэгтнүүдийн дунд байна. Бөө мөргөлийн зан үйлд “сүнс дуудах” гэж завсрын ертөнцөд үйлийн үрийн эрхээр анирлаагүй хашигдан байгаа сүнсийг биедээ буулгахыг хэлдэг гэж бичигджээ. Энэ мөнөөх сүлдийг хэлж буй юм. Бурханы номонд сүнс дуудах гэх нь бурангуй ойлголт юм. Учир нь амьд хүний сүнсийг дуудна гэж үгүй юм. Сүнс хэмээх нь амьтай бодгалийн биед ( цусны судлын гүйлгээгээр тархмал) заавал оршдог тийн мэдэл юм. Хэрэв хүний биед сүнс үгүй болвоос тэрхүү бие нь хүүр болон шууд муудах зэрэг үйл явцууд эхлэх учиртай. Харин зүрх зогссон ч бие махбодь муудахгүй (энгийн хүнд) хэдэн сар ч үргэлжлэх нь бий, харин /энгийн бус хутагтууд/ хэдэн мянган галваар орших боломжтой ба бодит жишээ нь Итгэлт хамба юм. Иймд “Сүнс дуудуулах” биш “Сүлд дуудуулах” хэмээн буруу тогтсон ойлголтыг ийн залруулж байна. Зуурдад буй “Хүний сүнс бол салхинд хийссэн хамхуул адил” хэмээдэг нь Хаа аль зүгт анирлахыг хүний өөрийн үйлийн үр нь шийдэх учраас хамхуулаар жишэн адилтгажээ. Эдгээрийг Бурхан багшийн “Цагаан линхуан судар” Тавдугаар далай ламын “Заяа тэтгэгч таван тэнгэрийн тахилга буяны хишгийн ундрага” хэмээх ном зэрэгт утга төгсөөр айлдсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.