Н.Номтойбаяр: Би өөрөө УИХ-ын гишүүнээс түдгэлзэнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын бүлэг ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж үлдлээ. ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг (Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд) ЖДҮ-чдээ аваад үлдлээ. Тэднийг шалгахад бүрэн эрх нь саад болж байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн шүү дээ. Гэвч бүлгийн хурлаар мөн тэднийг олонхын саналаар үлдээлээ. Би бүлгийн хуралд оролцоогүй. Энэ УИХ тарах ёстой. Би УИХ өөрөө тарах тогтоолын төслийг дэмжиж, гарын үсэг зурсан. Энэ төсөлд 57 гишүүн гарын үсэг зурахгүй, хэрвээ дэмжигдэхгүй бол би өөрөө УИХ-ын гишүүнээс түдгэлзэнэ. УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүд ч мөн адил улс төрийн эр зориг гарган түдгэлзэнэ гэж бодож байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг барамт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ. Гэтэл Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан. Уг нь Үндэсний хөгжлийн газар газрын тос нийлүүлэгчийг уралдаант шалгаруулалт явуулж, сонгох нь зөв гэж үзсэн юм билээ.

ЗГХЭГ-ын ажлын алба мөн хуулийг үндэслэл болгон, уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүхэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргажээ. Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна. Засгийн газар ААН-тэй Концессийн гэрээ хийх нь зөв ч онгоцны шатахуун нийлүүлэгч өөр ААН-үүдэд энэ төсөлд оролцох саналаа илэрхийлэх боломж олгох ёстой шүү дээ. Хэрэв өөр ААН санаал өгөөгүй, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ бол Засгийн газар шууд гэрээ байгуулах эрхтэй. Гэвч ийм нөхцөл үүсээгүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *