Монгол Цэргийн өдрийг хоёр хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүллээ. Б.Маргад-Эрдэнэ аавуудаа уриалж, энэ өдөр ЭХЭМҮТ-ийн шаардлагатай хэсгүүдэд их цэвэрлэгээ хийх аяныг санаачилсан юм. Тэр энэ тухайгаа Фэйсбүүк дэх “Аавуудын групп” болон “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группүүдэд мэдээлсэн. Манай сайт ч энэ тухай нь мэдээлсний дараа олон хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Уриалгад нэгдэнэ, очиж ЭХЭМҮТ-ийг цэвэрлэлцэнэ гэх эрчүүд, аавуудын сэтгэгдэл олон байлаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр Б.Маргад-Эрдэнэ товлон зарласан хугацаандаа буюу 11.00 цагт ЭХЭМҮТ-ийн гадна иржээ. Гэвч өөрөөс нь өөр хүн ирээгүй байжээ. 12.00 цаг болоход Б.Маргад-Эрдэнийн урам хугарч, “Ганцаараа байсан ч хамаагүй, санасандаа хүртэл цэвэрлэнэ дээ” хэмээн бодсон тухайгаа бидэнд хуваалцсан юм. Учир нь өмнөх өдрүүдэд очно, нэгдэнэ хэмээж байсан олон залуус ирсэнгүй. Тэд хувь чатаар болон комментоор “Очъё гэж бодсон ч өчигдөр баяр тэмдэглэн, хэтрүүлчихлээ. Босож чадсангүй ээ” гэцгээсэн байна. Ингээд энэ өдөр Б.Маргад-Эрдэнэ өөрийн оюутан дүүгээ дуудаж, цэвэрлэгээгээ эхлүүлээд байтал “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группээс уриалга харсан эмэгтэй хүрэлцэн ирсэн байна. Ингээд тэд гурвуул нэг өдрийг ЭХЭМҮТ-д их цэвэрлэгээ хийн өнгөрүүлжээ. Анх эргэлтийн хаалгууд болон хашаа, саравчийг цэвэрлэж, өргөн хүрээг хамарч ажиллахаар төлөвлөөд байсан ч гурван хүний хүрэлцээ муугаас шалтгаалж, “Эргэлт-7”, “Эргэлт-8”-ыг л орц, шат, шатны бариултай нь хамт бүрэн угааж амжжээ. Б.Маргад-Эрдэнээс товч тодруулга авлаа. -Бяцхан хүүхдүүдийг цэвэр агаараар биш юм гэхэд цэмцгэр орчноор угтах боломжтой- -Уг нь олон хүн энэ аянд нэгдэх дүр зурагтай байсан, гурвуулаа цэвэрлэсэн гэв үү? -Тийм ээ. Гуравдугаар сарын 17-ноос эхлээд хэд хэдэн удаа “Аавуудын групп”, “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группт уриалгаа тавихад олон хүн дэмжиж, нэгдэхээ илэрхийлж байсан.
Өглөө эртлэн босож, цагтаа ирсэн ч надаас өөр хүн байгаагүй нь жаахан гонсойлгосон. Миний урьдчилсан тооцооллоор, 100 гаруй хүн лав ирэхээр байсан. Ингээд оюутан дүүтэйгээ хамт цэвэрлэгээгээ эхлэх гээд байж байтал “Шивээс Монголд хөгжихийн төлөө” группийн төлөөлөл болж, нэг эмэгтэй ирсэн. Ингээд бид гурав 12.20 цагт цэвэрлэгээгээ эхэлж, оройн 18.10 цагт дууссан. Саяхан гэртээ орж ирлээ. -Эмнэлгийн ямар хэсгүүдийг цэвэрлэнэ гэж төлөвлөж байсан бэ. Санаандаа мэдээж хүрч чадаагүй байх? -Тийм ээ, олны хүчээр эргэлтийн бүх хэсгүүдийг болон үүдний саравч, хашаа, хогийн сав гээд нэлээд өргөн хүрээг хамарч цэвэрлэе гэж төсөөлж байсан. Гурвуулхнаа болохоор үнэхээр санасандаа хүрч чадсангүй. Долоо, наймдугаар эргэлтийн хэсгийг долоодугаар давхраас нь эхлээд үүд хүртэл, шат, шатны бариул, хана шалын хамт угаалаа. Үүдний хогийн савнуудыг цэвэрлэлээ. Гурван хүн хаанаа ч хүрсэнгүй, харамсалтай л байна. -Ус болон цэвэрлэгээний материалуудаа хэрхэн шийдэв? -Би өөрөө 25 литрийн устай ирсэн. Манай нөгөө хоёр алчуур, вок, саван сэлтээ бэлтгэж ирсэн. Харин ЭХЭМҮТ-ийн ажилчид бидний санаачилгыг ихээхэн хүндэтгэн хүлээн авч, угаалгын
өрөөгөө ашиглуулсан. Бид тэнд бохироо асгаж, усаа дүүргэсээр цэвэрлэж дууслаа. -Яагаад заавал ЭХЭМҮТ-ийг, эрчүүдийн хамт цэвэрлэе гэж санаачилсан юм бэ? -Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага хоёр маань ЭХЭМҮТ-д төрсөн. Саяхан цахим орчинд ЭХЭМҮТ-ийн эргэлтийн хаалга, үүдний хэсгүүд бохир байгаа талаар шүүмжлэл өрнөсөн шүү дээ. Мэдээж ЭХЭМҮТ-ийн хамт олон өөрсдийн боломж, бололцоогоор ариун цэврийг сахиулж байгаа. Гэхдээ бид нэг хотод амьдарч, хотынхоо өнгө төрхийг бүрдүүлэлцэж буй хүмүүсийн хувьд яагаад төрөх эмнэлгийг цэвэрлэж болохгүй гэж. Энд шинэ амь мэндэлдэг.
Тэднийгээ цэвэр агаараар биш юм гэхэд цэвэр, цэмцгэр орчноор угтаж чадна шүү дээ. Ингээд л санаачилсан. Маш олон эрчүүд ирнэ гэж бичиж байсан. Гэвч өглөө нь болохоор “Өчигдөр баяр хэтрүүлчихлээ. Босож чадсангүй ээ” гэж чат, коммент бичицгээсэн. Маргааш нь төлөвлөсөн ажилтай, тодорхой хэмжээнд хариуцлага хүлээсэн мөртлөө өглөө босож чадахгүй болтлоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дүр зургийг ойлгоод, ер нь гутарсан, бухимдсан шүү. Энэ ажил хэрэв амжилттай болбол, цаашид үргэлжлүүлж, бусад хэрэгцээ шаардлагатай албан байгууллагууд дээр цуврал болгон хэрэгжүүлье гэж бодож байсан. -Та өөрөө цэргийн баярыг хэрхэн тэмдэглэв? -Гуравдугаар сарын 18-нд охины маань сургуулийн урлагийн үзлэг болсон. Өглөө 07.30 цагаас хойш сургууль дээр нь байж, урлагийн үзлэг дууссаны дараа
ангийнх нь хүүхдүүдийг аваад тоглоомын төвд тоглуулсан. Харин орой нь гэр бүлээрээ хоол идээд, эрт амарсан даа. Маргааш нь зорилтот ажил төлөвлөсөн тул эртхэн унтаж амарсан. -Санаачилгаа цаашид үргэлжлүүлнэ гэсэн бодлоо орхиогүй биз дээ? -Больё гэж бодоогүй л байна. Хэлсэн, тохирсондоо байгаагүй залуусаа бодохоор урам хугарч байгаа л даа. Гэхдээ үүнийг санаачилсан гол үзэл санаа маань хэвээр учир үргэлжлүүлнэ гэж бодож байна. Харин сошиалд дэмжихээ илэрхийлсэн хүмүүст итгэхээс илүү, өөрийн найз нөхөд, хамаатан саднуудад илүүтэй түшиглэнэ гэж бодож байна. -ЭХЭМҮТ-ийн ажилчид хэрхэн хүлээн авсан бэ
-Ээлжид гарч байсан харуул, үйлчлэгч хоёр маш талархалтай хүлээж авсан. Өөрсдийн зүгээс туслалцаж болох зүйлсээр хамтарч, угаалгын өрөөгөө ашиглуулсан. Эргэлтийн хэсэгт хоёр л үйлчлэгч ээлжээр гардаг юм байна. Иймд бүх хэсэгт хүрч, цэвэрлэх боломж нь хомс бололтой. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэж, аль болох л албан байгууллагаа цэвэр, цэмцгэр байлгахыг хүсэж буй хүмүүсийг хүндэтгэх, ойлгох нь зүйтэй хэрэг. Мөн эрхлэгч гэж өөрийгөө танилцуулсан залуу биднийг хүндэтгэн хүлээж авч, талархаж буйгаа илэрхийлсэн. -Энэ үйл явдлын дараа нийгэмд ямар мессеж өгөхийг хүсэж байна вэ? -Өглөө ЭХЭМҮТ-ийн гадна ганцаараа ирээд жаахан бухимдсан л даа. Ажил төлөвлөж, хариуцлага хүлээчхээд шартаж байна, босож чадахгүй нь гэх хариулт өгсөн
олон залуу бий. Үүнээс манай Монголын залуус баяр бүрийг хэтийдтэл архи согтууруулах ундаа хэрэглэж тэмдэглэдэг болсныг олж харах шиг болсон. Харин нийгэмд өгөхийг хүсэж буй мессеж маань, бизнес эрхлэгч ч бай, төрийн албан хаагч ч бай, ер хэн ч бай өөрт хамааралтай орчин тойрноо цэвэр, цэмцгэр байлгаж хэвшээсэй. Та өөрийн ажлын газрынхаа алга дарамхан үүд хэсгийг л цэвэрхэн байлгавал
энэ нь Улаанбаатарын өнгө төрхийг бүрдүүлэлцэнэ шүү дээ. Хавар цагт өвөлдөө хөлдсөн нус, цэр гэснэ, агаарт вирус дэгдэнэ. Үүнээс өмнө аль болох дор бүрнээ цэвэрлэгээ өрнүүлээсэй, тийм сэтгэлгээтэй байгаасай л гэж хүсэж байна. Г.САНСАРМАА
Categories
“Эх нялхасын эмнэлэг цэвэрлэхийг аавууд дэмжсэн ч шартсан гээд ирсэнгүй, гурвуулаа л ажиллалаа”
