Categories
Чөлөөт

С.Жавхлан: Яг ийм мөнгөтэй гуйлгачин ар араасаа ингээд зөндөө гарч ирнэ

“МОНГОЛ ХҮН БАЙХ” ХИЧЭЭЛ-14 “МӨНГӨТЭЙ ГУЙЛГАЧИН-1” Хүн гэдэг амьтан идэх уухаар дутаж өлсөх гэдэг тийм ч хэцүүд ордоггүй. Хоногийн бор хоолоо бондойлгоод болохгүй бол үндэс ухаж идээд ч болтугай яаж ийгээд болгоод амьдардаг л хорвоо. Харин “Нэр хугарахаар яс хугар” гэж олны өмнө нүүр хийх газаргүй ийм гутамшигтай байдалд орж толгойтой болгон шоолж, амтай бүхний элэг доог болно гэдэг хамгийн хэцүү гэсгээл ажээ. Баахан зүйл хулгайлаад дарсан тэр нь ердөөсөө гарч ирээд бултайгаад болж өгдөггүй. Хэчнээн их хөрөнгө зувчуулж хураагаад амьтан хүн нэг нүдээрээ харж чадахаа байтал жигшинэ гэдэг хамгаас эмгэнэлтэй. Дандаа юм бүхнээс нууж нуугдаж амьдарна. Олон давхар байр сав харь улсын төв талбайд чиг, гадаад далайн эрэгт чиг өчнөөнөөрөө байгаад байдаг очоод унтая аа, хэн мэдчих бол гээд нойр хүрдэггүй ээ! Харь дансанд нэлээдгүй хэдэн бор юм байгаад байдаг гаргаад зарж үрж чаддаггүй ээ, хэн хүнгүй бас л бүгд мэдчихээд болдоггүй ээ! Олон жил наанаа улс төрч гэгээнтний дүрд тоглож цаанаа улс амьтнаас хумсалж, сиймхийгээр нь сэм сэмхэн гулгуулсан тэр онгодтой одтой гэж ойлгож явсан цаг чинь нэгэнт энд хүрээд дуусжээ. Одоо яаж ч хор найруулсан тэр нь урдных шигээ явдаггүй ээ! Үнэнд гүйцэгдэвээ гэж… Хэчнээн мөнгө байлаа ч даналзаж чадахгүй мөнгөгүй хооснууд нь хажуугаар чинь нэр төр сайтай даналзаад л байдаг. Унах гээд юмаа унаж чадахгүй, эдлэх гээд юмаа эдэлж чадахгүй гэртээ сул өрөөн дотроо гангалж гангалчхаад гадагшаа гараад ирэхээр ингээд гуйлгачин шиг болчих байсан л юм бол чи мөнгө хурааж, эд хурааж яах юм. Юуны төлөө юунд хүрнэ гэж ингэсэн байх вэ? Энэ бол алтны гэсгээл, эрдэнэсийн хараал, эх орноо зарж үрж элэг сэтгэлгүй хандсаны хариу шан, үйлийн үр, мунхагын хар гай өөр юу ч биш! Одоо түүнд бөгөөд хамсаатнуудынх нь хувьд маш хэцүү өдрүүд үргэлжилж, дотор нь харанхуйлж айдас нөмрөөд ирээдүй нь дэндүү гэрэлгүй байгаа. Өдөр ирэх бүр л хийсэн нүгэл ил болж зовооно. Тэр тоолонгоор хүмүүст түүнээ нууж далдалж өнөөтхөөсөө тасдаж төлнө. Чимээгүй бай намайг авар гэж гуйна. Энэ чигээрээ гүрийгээд байвал цаашид өөрсдөд чинь улам л хэцүү болно. Дээрдэхгүй бачуурна. Бие нь өвдөнө. Үсээ зулгааж орилмоор өдрүүд, нойргүй шөнүүд үргэлжилнэ.Харин түүний дэргэд борогхон гэртээ борхон хэдэн үрсээ тойруулчхаад гэдэс цувдайгаа чанаж идээд, бор шөлөө уугаад бужигнаж инээлдээд л байж байгаа эцгийн нойр ямар амар амгалан, тайван сайхан хүрч байгаа бол. Эгэл түмэн чинь ийм л агуу. Эцэстээ энэ л гэгээн түмэн чинь л чамайг өдий зэрэгт хүргэсэн. Чи зөв байвал хэзээч чамаас урвахгүй элэг дэвсэх нь эх орон чинь эгэл түмэн чинь. Өөр хэн ч биш. Юу үнэн энэ л хатуу үнэн. Харийн хүмүүс чамайг бодно гэж хэзээч үгүй, харин чамайг үргэлж мөлжихийг, ашиглаад хаяхыг л бодно. Гадны гар хөл болж явахаар олондоо үнэнээ хэлээд сайхан хүлээлгээд өгчихвөл үр хойчид чинь хэрэгтэй. Уучилвал өр нинжин Монгол чинь л чамайг уучилж өршөөж чадна. Өөр дэлхийн хаанаас ч хайгаад чамайг хэн ч хайрлахгүй өрөвдөхгүй. Чамайг зүгээр л ашиглана. Тэгэхээр чамд зөвлөхөд “Би ийм ийм алт хулгайгаар гаргасан, тэдэнтэй нийлж тийм тийм зүйлийг ингэж төдөн хувийг нь ингэж гусаж зувчуулсан” гээд нэгд нэгэнгүй баа бээгүй нэг ч зүйл үлдээлгүй дотроо онгойтол хэлээд үнэнээ хүлээвэл “мөнгөтэй гуйлгачин” биш бусад хулгайч нартаа ядаж зөв үлгэр үлдээх нэг л зөв гэж хэлж болох гарц өөрт чинь үлдсэн байна. Яг ийм мөнгөтэй гуйлгачин ар араасаа ингээд зөндөө гарч ирнэ. Ийм амь зулбаж яваа гуйлгачингуудыг хэдхээн цаасын аваад зугээр шавхруунд нь хууртаад сонгочихдог хүмүүс бас эвий дээ. “НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР” гэж маш улбаатай углуургатай зүйл юм байгаа юмдаа хөөрхий. /Зөвийг мэдсээр байж түгээхгүй бол чи хулчгар/ Үргэлжлэл бий… Хүнд-итгэн чилээсэн Самандын Жавхлан 2021.01.30

Leave a Reply

Your email address will not be published.