“Эрхи” Эрхийг Санскрит хэл бээр “Mala” хэмээх бөгөөд утга нь “Шид авах” хэмээх утгатай. Манай Монгол оронд дэлгэрсэн бурхны шашинд ямар мэт учраас 108 болон 21 тоотой эрхүүд байдаг вэ ? хэмээвээс: 108 эрхиний учир нь буддын гүн ухаанд “дүрс”-ээс “бурхны билиг оюун” хүртэл бүхий л юмс үзэгдэл 108-д хуваагдан багтдаг тул ийн тоотой эрхи голчлон хэрэглэдэг. Эрхи болгон толгойтой байдаг ба гурван бөөртэй байдаг нь нэг эрхи тарни уншихад 111 унших боловч 100-гаар тоо авч 8 болон 3 бөөр нийлсэн 11-ийг тоонд оруулалгүй тэдгээр илүү уншсан нь бусад 100 уншсан доторх алдаа дутагдалтай уншсан байж болзошгүйг нөхөж байх учиртай. Бас заримдаа “очир”, “хонх”, “пүрэв”, “дигүг” тэргүүтэнтэй аравт, аравтын хос тоолууртай байдаг нь “ядам бурхны нямба бясалгал” хийх болон өдөр тутмын уншлага, тарни уншхад болон авсан номынхоо авшиг ба тангаргаас шалтгаалж биедээ үргэлж очир, хонх тэргүүтэн авч явах тарнийн зэмсэг болдог. Хос тоолуурыг ашиглахдаа бүтэн эрхи тарни уншаад “очиртой аравт”-аасаа нэгийг татсаар 1000 болох ба тэр үед “хонхтой аравтаасаа нэгийг татна ингэсээр “түм” буюу 10,000 болно. Ийм тоолууртай эрхэнд бас “шахуурга” хэмээх тоолуур байна. Үүгээрээ “түм” тоог 3 бөөртэй 108 эрхээсээ нэгийг татна ингэсээр арав болоход “бум” буюу 100,000 болно. Бас тоолсоор 100 хүртэл шахуургаа шахахад “сая” буюу 1,000,000 болно гэх мэт. Бас ийм тарнийн эрхиний хэлхээнээс гарсан хоёр унжуургатай хос дусал байх ба энэ нь “арга, билиг” хоёр ба бас “хоосон чанар, бодь сэтгэл” хоёр тэргүүтнийг бэлгэднэ. 21 тоотой эрих нь бөөртэй ч бай бөөргүй ч бай 21 байдаг. Үүний учир нь 21 Дарь эхийн тоогоор бэлгэдэн байдаг ба бурхны шашинтан хүмүүн өдөр тутам уншлага уншихдаа ажил ихтэй цаг амжих бэрх бол хураангуй уншлага, тарни тоолоход зориулдаг эрхи юм. Эрхи яагаад 108 байдаг вэ? Эрхи эргүүлж буян үйлддэг хүмүүс байдаг. Гэвч зарим хүмүүсийг ажиглаад байхад эрхинийхээ утгыг ойлгодоггүй. Эрхи эргүүлэх ёс нь нууц тарни болон тухайн бурхны үндэс дамжлагаас шалтгаалан олон янз байдаг. Эрхиний тоо нь Бурхны жинхор буюу хот мандлыг бэлгэдэж Бурхан багшийг голд нь байрлуулж түүнийг тойроод язгуурын 5 Бурхан, Бурхан багшийн шадар ойрын 8 шавь, дайснаа дарагчийн үрийг олсон 16 их архад, 18 тамын хилэнт дүртэй 18 их Бурхад, 21 Дарь эх, Дүншигийн 35 Бурхан, 4 Их Махаранз байна гэж бясалган бодож маань, мэгзэм, тарнийг урин уншдаг. Бурхан багш 1, язгуурын 5, Бурхан багшийн шадар ойрын 8 шавь, Дайснаа дарсаны үрийг олсон 16 их архад, Тамын хилэнт дүртэн 18, 21 Дарь эх, Дүншигийн 35 Бурхан, Их дөрвөн Махранз эд бүгд нийлээд 108 болж буй. Толгой буюу эрхиний эхлэл төгсгөлийн том нь Бурхан багш маань өөрөө юм шүү дээ. Эрхиний толгой нь 3 ширхэг байх бөгөөд Бурхан багш, Очирдар, Базарсад хэмээх гурван бурхныг бэлгэднэ. Гурван бөөр нь Манзушир, Жанрайсиг, Очирваань гурван бурхныг бэлгэддэг. Эрхиний хэлхээг 9 нарийн утаснаас бүрдүүлж эрчилсэн 2 ширхэг утсаар хэлхээ хийх ба тэр нь хүмүүний
8 чөлөө, 10 учралыг бэлгэднэ. Эрхиний нүхээр утсыг гүйлгэн хэлхэхдээ 2 түйтгэрийг даран 2 их чуулганыг хураахыг бэлгэддэг байна. Тарни тогтоол унших үедээ уншсан тарнийн адистид дотор оршихыг бэлгэдэн эрхи эргүүлэхдээ дотогш эргүүлэн тарниа тоолдог. Харин түйтгэр тотгорыг буцаахын тулд тарни тоолох үед саад тотгорыг буцааж байгаагаар бэлгэдэн гадагш эргүүлэн тоолдог. Амирлуулах үйлст: Шил, бодь мод, цагаан эрхи, лавай, бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн, цагаан өнгөтэй, эрдэмт модны үрээр голчлон бүтээдэг. Дэлгэрүүлэх үйлст: Бодь мод, Зандан, Шар эрхи хэрэглэнэ. Эрхэндээ хураах үйлс: Лүнтэн, Улаан шүрэн эрхи, улаан зандан, сум мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөтэй эд болон анхилам үнэрт модоор бүтээдэг байна. Хатуу үйлст: Гүррагчаа, Гавал, Могойн шүдэн, Суман эрхи, төмөр зэрэг ихэвчлэн хатуу ширүүн, хар бараан өнгөтэй эдээр бүтээдэг. Тэдгээрээс эрхэм нь эрдэнэсийн зүйлсээр, дундах нь модны үрээр, адаг нь мод чулуугаар бүтээсэн болой. Гэвч ямар эдээр бүтээсэн ч эрхэмлэн нандигнаж, зарлигийн шүтээн хэмээн бэлгэдэх нь ялгал үгүй биз ээ. Харин эдгээр эрхиний ширхэг бүр нь сэтэрхий, хагархай, том жижиг, хоорондоо адилгүй тэргүүтний гэмгүй байх ёстой ба эрхиний хэлхээс нь ч хэт сул болон хэт шахуу бус эрхи эргүүлэн тоолоход тохиромжтой байх ёстой. Хэрэв хэлхээс нь хэтэрхий урт байх аваас бүтээл
бясалгалд алгасрал ихтэй болох ба хэтэрхий богино бол насанд цөвтэй хэмээн үздэг ажээ. Энэ мэтээр өөрт буй сайн сайхан эдээрээ таарсан зөв эрхийг хэлхэн үйлдээд равнай өргөж, бурхдын зарлигийн шүтээн болгон хүндэтгэн хадгалдаг ёстой бөгөөд хамаагүй хүний гарт дамжуулах болон тангараг ижилгүй хүнд үзүүлдэг ч үгүй ёстой. Ер нь эрхийг өөр өөрийн язгуурын багш, шидийг хайрлагч ядам бурхад, үйлсийг бүтээгч дагинас, номын сахиус нартай сэтгэл хэлхэгдэхийн бэлгэдлээр хэрэглэдэг байна. Мөн нууц тарнийн тангараг ёсоор бэлгэ билгийн бурхдын мутрын тэмдэгийг бэлгэдэх, билгийн эхийн шүтэн барилдлага, төгс эдлэлийн шүтэн барилдлага, тогтоол тарниудын тоог эндүүрэлгүй тоолон барих тэргүүтний үүднээс ч эрхийг хэрэглэдэг билээ. Дээр өгүүлсэн мэт дөрвөн үйлнээ зориулан бүтээсэн эрхи нь өөр хоорондоо өнгө, бүтээгдсэн эд зэргээрээ ялгарахаас гадна том жижиг хэмжээнийх нь хувьд ч ялгах ёс байжээ. Энэ мэтчилэн эрхийг дөрвөн үйлнээ тохирох бэлгэдэлт эдээр тааруулан, зохицох утас хэлхээгээр хэлхээд аливаа муу үйлнээ халдуулалгүй
эрхэмлэн нандигнаж, бурхдын зүрхэн тарни тэргүүтнийг тоолон унших хэрэгтэй бөгөөд хэрэв эрхи доройтон муудах аваас бэлгэ билгийн бурхдад өргөхүйн сүжгээр гал, уснаа өргөдөг байна. Эрхиний тарни: “Ум рүзира мани бра варда яа хум”. Энэхүү тарнийг 7 удаа уншин эрхиэ үлээж, тарни тоолбол бурхны зарлигласан нууц тарни бүхэн живаа тоот, олон зуун мянга тоолсон болохыг “Чандмань дэлгэрсэн орд харш” номд зарлиглажээ. Эрхи эргүүлэх зургаан арга 1. Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь энгийн амарлингуй ёс. 2. Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс. 3. Ядам, эрхийгээр тоолох нь үйл бүтээх ёс. 4. Чигчий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс. 5. Толгойноос нь түлхэж тоолох нь “Сэндонма” бурхны “Ага сама раза шада раса мара яа пад” зэрэг тарни тоолох ёс. 6. Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх ёс эдгээр зургаа болой.
Categories
Эрхээр маани тарни тоолохдоо эдгээрийг анхааран уншиваас машид увидас хүчтэй байдаг гэнэ
