Categories
Чөлөөт

САЙН ЦАГИЙН МЯНГАН БУРХАН

Бурханы шашны Их хөлгөний ёсонд энэ ертөнцөд заларч шашнаа дэлгэрүүлэх учиртай мянган бурхан байх бөгөөд тэдгээрийг таван бүлэг болгон үзүүлэх буюу язгуурын таван бурхан хувилаад мянга болсон хэмээн үздэг ёс ч бий ажээ. Өнөө үеийг хүртэл ертөнцөд дөрвөн бурхан заларсныг Бурханы шашин номлосон, тэдгээрийг нэрлэвээс: 1. Хорвоонжиг (Орчлонг эвдэгч), энэ бурхан ес дэхь бага галав гэгчийн үед хүний нас дөчин мянга байхад иржээ. 2. Сэртэв (Алтан чадагч), хүний нас гучин мянга байх үед заларсан, 3. Одсүрэн (Гэрэл сахигч) нь хүний нас хорин мянга байх үед заларсан, 4. Шагжамуни (Шагжагийн мэргэн чадагч) буюу Будда нь хүний нас зуу болж таван их доройтолд орсон буюу цөвүүн цаг эхлэхэд ойртсон үед тус тус заларчээ. Бүр эрт галавын үед эдгээрээс өөр гурван бурхан заларсан нийт долоон бурхан байсныг шашин номын ёс түүхэнд үздэг. Ирээдүйд Майдар (Асралт) бурхан ирж, номоо номлох юм. Энэ үед хүний нас маш бага болсон цөвүүн цагийн сүүлээр залрах буюу хүн амьтны нас эргээд урт болох тавилантай гэдэг. Төвд, Монгол зэрэг оронд Майдар бурханыг урин залбирч Майдар эргэх хэмээх ёслолыг хүрээ хийдүүдэд жил бүр хийж, цам тэргүүтнийг тоглуулдаг байсан одоо ч Ганданд Майдар эргэх ёслолыг хийхдээ “ногоон морь” хөлөглөсөн тэргэн дээр Майдар бурханы дүрийг байрлуулж, хийдийн гадуур тойрон дөрвөн зүгт үдлэх замаар явж, ном уншлага үйлдэн мандал өргөж ёслол хийдэг. “Доди галсан” буюу “Сайн хувьт” хэмээх номыг хүмүүс хийдүүдийн уншлагад айлтгадаг учир юу вэ? гэвэл энэ нь мянган бурханы залбирал ерөөл юм. Сайн цагийг бүтээх бурхад, догшидын алдрыг сонсох, унших тэргүүтэн нь буян арвижихын билэг төдийгүй хойт төрөлдөө сайн төрөл олохуйн ач тустай хэмээн үздэг.

Leave a Reply

Your email address will not be published.