Categories
Чөлөөт

ХУРАЙ ХУРАЙ Бурханы ХОТ МАНДАЛ нь бүхий л зүйлс нэгдсэн, чуулсан, цогцолж дэлгэрч байхыг билэгддэг.

ӨНГӨТ ЭЛСЭН УРЛАЛ буюу Хот мандал” Монгол хэлнээ “хот мандал” хэмээн нэрлэгддэг ба Төвд хэлээр “Жилхор” буюу Төв хүрдэн. “Очир оройтны дандар” хэмээх сударт “Ямар учраас хот мандал хэмээн өгүүлрүүн Дээдийн номын “зүрхэн шим” гардаг учир тэр нь хот мандал хэмээн өгүүлмүй” “Зүрхэн шим” хэмээх утгатай гэж Зонхов Богд бурханы тантрын судраас энэ утгыг увидаслан айлдсан байдаг. Энэ нь Арга, билгийн хослон барилдахуй буюу хослон холбогдож сүлэлдэн нэгдсэн төгс арга билгийг олох явдлыг л “зүрхэн шим” түүнийг олохуй нь энэ тантрын судрын эцсийн тааллын ёзоор юм. Хот хэмээх нь чуулган, гол, төв, хэмээх утгыг илтгэдэг. Мандал хэмээх нь “Mandala” гэх санскрит үг бөгөөд задалвал олон утгатай боловч хэргийн тухайд үүнээс хоёрыг нь задаргаа тайлбар хийе. “Манда” Эцэс сүүл, гол төв, зүрхэн шим түүнчлэн “Манда” дээр “ла” нэмээд Мандала хэмээх нь Газар Орон, Гол, хэсэглэл, эргэн тойрон, нарыг тойрсон гэрэлт бөмбөлөг гэх утгатай болно. Мандал хэмээн дуудагддаг хоёрдогч утга нь Хурсан, чуулсан, цогцолсон, нэгдсэн, сайтар хураагдсан, сайтар байгуулсан гэх хуран чуулсан утгыг илтгэдэг. Бурханы Хот мандал хэмээх нь сүүлийн тайлбарын утгыг бүрэн цогцлоосон байдаг. Их хөлгөний зам мөрөөр замнаж тоолшгүй гурван галавт хураасантай дүйцэх буян хийгээд билгүүний хос хоёр чуулганыг төгсгөн цогцлоож нисваанис хийгээд мэдэгдэхүүний хос хоёр түйтгэрийг баран дуусгасны үр дүнд нь Төгс гэгээрэлд хүрэх буюу амьтай бүхний хамгийн дээд төгс ухамсарыг олон Будда болдог байна. Үүнтэй зэрэгцэн тухайн гэгээрч буй бодгалийн(Pudgala) хоёр чуулган, хоёр түйтгэрийг дарсны үр дүнд хот мандал үүсдэг байна. Ингэж хос хоёр чуулганыг хураасан шалтгаанаар Мандала хэмээхийн хоёрдогч утга хураан цогцлоосон хэмээх утгыг бүрдүүлсэн бөгөөд ийм учраас тийн нэрийтжээ. Бүтсэн уг шалтгааны үүднээс Үүнийг “арилсан орон” гэх бөгөөд өөрийн сэтгэлийн буртагт эрүүл бус сэтгэлийн хэв шинжийг устган төгс төгөлдөр хиргүй ариун билгүүнийг эрхшээсэн, мөн тэрхүү билгүүн ариуссаны хүчээр үүссэн орон учир ариун орон хэмээжээ. Энэхүү ариун оронд энгийн төрөлхтөн төрөл авахад заавал буяны язгуур, ариун ерөөл, бурхны хүч зэргээр л төрөл авдаг нь “уг шалтгааны онцлог” бөгөөд үүнийг зөвхөн бурхан л илэрхий мэдэхээс онолчид, дээд бясалгаачид ч илтээр онож үл чадна хэмээн “Мөнхийн хэнгэргийн дуу” гэх судар, Асанга гэгээний “Бүхнийг хураагч” гэх номнуудад тодорхой айлдсан байдаг. Бусдаар бол ариун оронд үйл нисваанисын эрхээр төрөл авах боломжгүй бөгөөд Ариун орон хэмээхийн ариун гэх утга нь бүтцийн хувьд ариун учир түүнд төрөхөд ч арилсан уг шалтгааны онцлогтойгоор төрөл авах ёстойг ч илтгэдэг байна. (Үүнийг өчүүхэн тодруулвал) Бурхны шашинд арилсан орон хэмээн алдаршсан таван ариун орон байдаг. 1.Утайн Таван оргилт уул буюу Утайн Таван Манзушир бодьтой оршдог хэмээн алдаршсан тэрхүү газар 2.Гандангийн орон буюу Төгсбаясгалангийн орон, 3.Үржинхандын орон буюу Охин тэнгэр нарын орон, 4.Шамбалын орон буюу асури нарын орон, 5.Диваажин буюу жаргалантын орон Эдгээр тавын сүүлийн дөрөв нь хүний оронд бус тэнгэрийн оронд оршино. Сүүлийн дөрвөн оронд төрсөн ямар ч бодгал байсан түүний бие цогцос нь арилсан оронд хамаарах учир, ариун уг шалгаанаар бүтсэн учир, Үйл нисваанисаар бүтээгүй учир ариун бие хэмээгээд түүнчлэн тухайн орныг Арилсан орон хэмээх шалтгаан нь ч энэ мөн юм. Басхүү хэрэв энэ шалтгааныг үгүйсгэвээс ариун орон хэмээн нэрлэх нь энэ мэт утга учир их ч гэлээ мэдэхгүйн шалтгаанаар утгагүй болж хувирах гэмтэй юм. Бурхны хот мандал хэмээхийн учир, түүний хэрхэн үүссэн үүсэл, түүнд энгийн бодгал төрөх уг шалтгаан юу эсэх, яагаад ариун орон хэмээсэн эсэх зэргийг товчлон хүргэлээ. ——– Нэмэлт——- Жинхэнэ Бурхны хот мандал арилсан ариун орныг өгүүлсэн нь дээрх болно. Гэгээрээгүй бодгалууд бурхны хот мандлыг хэргийн тухайд бүтээн бясалгах ёс бий. Хот мандлыг бүтээхэд лагшин, зарлиг , тааллын үүднээс бүтээдэг. Лагшин буюу биеээр бүтээх нь мандлыг бодитоор дүрслэн бүтээх, зурах 2 хэмжээст барих 3 хэмжээсээр цогцлон дүрслэхийг хэлдэг байна. Элсээр (Sand mandala), Даавуун дээр(Thanka mandala), Алт зэргээр ч урлан хот мандалыг бүтээдэг. Тааллын буюу сэтгэлээр бүтээх нь ядам бурхдыг үүсгэн бясалгахад хот мандлыг нь ч сэтгэлдээ дүрслэн ургуулан бүтээдэг. Зарлигийн буюу хэлээр бүтээх нь тухайн бурхны орныг дүрслэн өгүүлж үгээр бүтээхийг хэлнэ. Бурхад бүрийн хот мандал нь мөн чанар билэгдлээс шалтгаалан янз бүрээр дүрслэгдэн өөр өөр онцлог ялгаатай байдаг. Гэхдээ үндсэн хэдэн агуулга бүтэц байх ба ялгаатай бүтэц нь хот мандлыг гол төв хэсэг, орой бурхдын залрах хэсэг юм. Хот мандал нь сансрын хүрдний ёсын эсрэгээр дүрслэгдэх агаад арга билэг, 5 махбод, зурхайн ёсыг баримтлан бүтээдэг байна

Leave a Reply

Your email address will not be published.