Categories
Чөлөөт

Дарь эх бол хамаг бурхадын үйлсийг даасан бурхан учир амьтанд туслах нь түргэн билээ. Дарь эхийн эвээлд тэтгэгдэж түвшин сайхан болтугай ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Цагаан Дарь эхийн тус эрдэм” Цагаан Дарь эхийн алдар нэрийг сонссон төдийгөөр цаг бусын үхлийг дардаг ба Цагаан дарь эхийн лагшин дүрийг сэтгэлдээ ургуулан түүний ач тусыг санан сүжиг биширлээр соёрхол тавиваас гадаад дотоодын 16 их аюуул , цаг бусын үхэл зэргээс аврана мөн хий , шар ,бадгана хурсан өвчин зэрэг , халдварт хэжиг хэрим болон 404 зүйлийн өвчин , 360 ад наян мянган тотгор саад , гаднын хөнөөл , биеийн зовлон зэрэг ил гарах бүхнээс амирлуулан нуугдах тотгор саад өөрийн үндэсний 84 мянган нисванис түүгээр өдөөгдөн үйлдэх 10 хар нүгэл хилэнц , завсаргүй 5 зэрэг муу үйлийн үр түүний дагаварт ирэх халуун хүйтэн тамын зовлон зэрэг хүсээгүй бүхэнг үлдээлгүй түргэн амирлуулах үйлсийг бүтээн зохиох болно хэмээн Бурхан Багш айлдсан байдагаа . Дарь Эх бурханы тусалсан тухай түүхээс🙏 💚Хамаг бурхадын үйлсийг даасан бурхан учир амьтанд туслах нь нэн түргэн агаад Дарь Эх бурханы тусалсан тухай түүх Энэтхэг, Төвд, Монгол оронд олон байдгаас Энэтхэгт дэлгэрсэн гадаад дотоод найман аюулаас аварсан тухай 💚Дайсны аюулаас аварсан түүх💚 Энэтхэгт нэгэн хаан ойд зугаалж яваад ядраад унтаж байтал зэвсэг барьсан олон цэрэг бүслэн авчээ. Тэрээр зугатан гарах ямар ч боломжгүй болж Дара Эх гэж арван зургаан аюулаас авардаг нэгэн бий хэмээн урьд сонсож байсан нь санаанд нь орж, “Дарь Эх минь” хэмээн хашгиран дуудав. Тэрхэн зуур Дарь Эх бурхан өмнө агаарт залран ирээд өлмий доороосооо их хуй салхи дэгдээвэл бүсэлсэн цэргүүд салхинд уруудан одсоноор хаан эсэн мэнд ордон өргөөндөө хүрч иржээ🙏💚Арслангийн аюулаас аварсан нь💚 Нэгэн түлээчин хүн мод түүхээр ойд явж байтал өлсөглөн арслантай тулгарч арслан түүнийг амандаа зууж үүр рүүгээ авч явжээ. Түлээчин ихэд айж эмээн дагжин чичирч Дарь Эх бурханд залбирахад арслангийн өмнө навчин дээлтэй нэгэн эмэгтэй гарч ирээд арсланг айлгаж түлээчнийг арслангаас салгаж аваад замчлан дагуулж явсаар хотын зээлийн газар хүргээд буцжээ. Дарь эх бурхан тэрхүү эмэгтэй болж хувилан ирсэн ажээ🙏

💚Зааны аюулаас аварсан нь💚 Арван хоёр настай нэгэн охин ой дотор цэцэг түүж явтал Күни хэмээн нэрлэдэг маш догшин зэрлэг заан таарч охиныг хошуугаараа ороон баглаж аваад соёогоороо хадрахыг завдтал охин амжиж Дарь Эх бурханы нэрийг гэнэт санаж чин сэтгэлээс Дарь Эх бурханд залбирахад мөнөөх заан охины эрхэнд орж түүний дураар болж нэгэн чулуун дээр охиныг тавиад өмнө нь хошуу хамраа газарт дэвсэн урьд хөлөө нугалан мөргөөд босож охиныг дахин хошуугаар ороож аваад хотын зээлийн газар хүргэж охинд мөргөн хүндлэв. Түүний дараа сүмийн үүдэнд хааны ордоны үүдэнд ч тийнхүү охинд мөргөхийг хаан болон олон түмэн үзээд энэ охин маш буянтай нэгэн бололтой хэмээгээд хаанд хатан болгон өргөмжилжээ. Заан ойдоо буцжээ. Энэ нь Дарь Эх бурхан тэр охиныг авран ивээснээс болсон ажгуу🙏 💚Галын аюулаас аварсан нь💚 Нэгэн айлынхан цөмөөр унтаж байхад нь тэднийхэнд өшсөн нэгэн хүн сэмхэн гэрийнх нь гаднаас шөнө гал тавьжээ. Тэр айлынхан сэрээд гарах гэсэн боловч битүү галан дотроос гарч чадмааргүй болж Ээ, Дарь Эх минь яадаг билээ? халаг минь хэмээн уулгалан хашгирсанд тэдний дээр гүн хөх өнгөтэй гоё хэлбэр бүхий үүл хуралдаж маш том дусалтай аадар бороо гэр дээрээс нь орсноор түймэр унтарч тэр өрх айл эсэн мэнд гарчээ. Дарь Эх бурхан үүл гаргаж галаас аварсан нь тэр ажээ🙏

💚Хорт могойн аюулаас аварсан нь💚 Нэгэн хотын биеэ үнэлэгч хүүхэн өөрт нь маш их эрдэнэсийн шан харамж өгнө хэмээсэн худалдаачны гэрт очихоор шөнө дөлөөр явж байгаад харанхуйд хөл хальтрахдаа нэгэн модны мөчрөөс зууртал тэрхүү модыг ороон хэвтэж байсан хорт могой тэр хүүхнийг ороон аваад залгихыг завдтал тэрээр Дарь Эх бурханыг бодсон даруй хорт могой цэцгэн эрих болон хувирч долоо хоног биеийг нь чимэн байсан ажгуу. Долоо хоногийн дараа могой хор нь арилан цав цагаан өнгөтэй болоод хүүхнийг орхиж голруу орж хөвөн оджээ. Энэ нь Дарь Эх бурханы ивээл ажээ🙏 💚Дээрэмчний аюулаас аврагдсан нь💚 Энэтхэгийн Гүжирата хэмээх орон газрын Варүгаза хэмээх нутагт маш баян нэгэн наймаачин байжээ. Тэрээр Мару хэмээх нутаг тийш олон тэмээ үхэрт ачаа бараа ачиж явтал замд нь олон дээрэмчний үүрэлсэн газар таарчихжээ. Өмнө нь түүгээр явж байгаад алагдсан олон худалдаачдын мах цус яс нь газар сайгүй нэлийн байх ба зарим хүмүүсийг модонд тэлэн хадаж орхисныг үзээд чухам мангас махчины нутагт ирсэн мэт санагдаж тэрхүү худалдаачин маш ихээр айж ямар ч аврал ивээл олдошгүй болж аргаа барахдаа Дарь Эх бурханд залбиртал Дара Эх бурхан олон цэрэг бүхий жанжин болон хувилж ирээд тэнд үүрэлсэн дээрэмчин хулгайчдыг алс холд хөөж орхижээ. Худалдаачин цааш амар мэнд явж наймаа худалдаагаа дуусгаад буцаж нутагтаа амар сайхан явж ирсэн гэдэг🙏

💚Шорон гянданы аюулаас аварсан нь💚 Бүлэг хулгайчдын ахлагч нэгэн хүн хааны сангийн гэрт орж, хулгай хийж байгаад ваартай архи олж ууж согтоод унтаж орхисныг хааны харуул албатууд мэдэж бариад гянданд хийгээд хүлж элдвээр тамалсанд тэр хүн өөр ямар ч арга эс олж Дарь Эх бурханд залбирвал таван өнгө алагласан биетэй нэгэн шувуу тэнгэрээс бууж ирээд хүлээсийг нь тайлж өгөв. Тэр сацуу гянданы хаалга ч өөрөө аяндаа нээгджээ. Тэрээр амар мэнд гарч нутагтаа хүрч ирсэнд нэгэн шөнө зүүдэнд нь чимэг зүүлт бүхий нэгэн бүсгүй үзэгдэж Хэрэв чи миний ачийг санаж байгаа бол нөхдийнхөө хамт одооноос хойш хулгай хийхээ болихтун хэмээн хэлэхийг үзээд тэр хулгайч хүн сэрсэн хойноо нөхдөдөө энэ тухай хэлж түүнээс хойш тэд хулгай хийхийг больж буянт сайн үйлийг ихээр хийх болжээ🙏💚Далайн давалгаанаас аварсан нь💚 Энэтхэгийн өмнө зүгийн хэдэн худалдаачин хүн гурван онгоцоор далайд гарч, эрдэнэсийн аралд хүрээд нэг онгоцоо эрдэнэсээр дүүргэж, тэндээс мөн явсаар зандан модны аралд хүрч, нөгөө онгоцоо зандангаар дүүргээд буцаж явтал, тэр далайн эрдэнэсийн эзэн лус савдгууд уурлаж их салхи гаргаснаар онгоц нь холд туугдаж явсаар далайн усны өнгө олонтоо хувирч өөрчлөгдтөл явсаны эцэст маш их давалгаа бүхий газар хүрч иржээ. Тэгэхэд тэнд байсан худалдаачид тэнгэр, нар, сар, од гариг, уул усанд өдөр шөнөгүй залбирсан боловч тусыг эс олсны дээр онгоцуудын холбоос тасарч ачаатай хоёр онгоц нь салан оджээ. Тэдний суусан онгоц ч эвдрэхийн даваан дээр тэдний дотор байсан бурханы шашинт нэгэн хүн Дарь Эх бурханыг санаж, “Ом дарэ дүддарэ дүрэ сууха” хэмээх тарнийг чанга тод дуугаар уншин урьсанд тэр даруй тэдний онгоцонд зохилдсон салхи гарч онгоц нь буцан хөвж нэгэн шөнийн дотор эх газартаа хүртэл нөгөө хоёр онгоц нь ч хөвж урссаар хамт иржээ. Энэ нь Дарь Эх бурханы ачаар тийн аврагдсан ажээ🙏

💚Махчины аюулаас аварсан нь💚 Энэтхэгийн зүүн зүгийн нэгэн сүмд олон лам нар суудаг байжээ. Тэдгээр лам нараас шөнө бүр нэг лам алга болсоор тэр сүмийн хурал ном тасрах шахжээ. Нэгэн шөнө нэгэн хувраг хийдээсээ гарч салхилж байтал хав хар зүстэй, үзэшгүй муухай араа соёотой нэгэн махчин гарч ирээд толгойноос нь зууран авсанд тэрээр “Их хөлгөнийхний шүтдэг Дарь Эх бурхан гэж найман аюулаас аврагч нэгэн бурхан байдаг гэсэн. Түүнээс аврал эрье” хэмээн бодоод Дарь Эх ээ хэмээн дууджээ. Тэгтэл гартаа сэлэм барьсан нэгэн охин тэнгэр гарч ирээд тэрхүү махчин тийш сэлмээ далаймагц тэр махчин хуврагаас өршөөл гуйж газар доороос дүүрэн эрдэнэстэй сав гарган ирж хуврагт өгчээ. Түүнээс хойш тэр сүмийнхэн ямар ч хор хөнөөлгүй амгалан тайван байх болсон нь Дарь Эх бурханы тус эрдэм билээ🙏 💚Уяман өвчнөөс аварсан нь💚 Энэтхэгийн нэгэн газар нэгэн бирман багш уяман өвчинд баригдаж, тэр нь халдварласаар таван зуу орчим хүн өвчинд баригджээ. Тэднийг ах дүү, эмч домч нар үл хайхран орхин зугатсан учир тэд гуйлга хаялгаар амьдарч хэсүүчлэн явах болжээ. Тийн явж байтал нэгэн удаа замын хажууд Дарь Эх бурханы чулуун баримал байхыг үзээд үлэмж их сүсэглэж тэд бүгд залбирсанд Дарь Эх бурханы баримлын гараас эмийн ургамлын шүүс гоожсоныг тосож аваад түүгээр биеэ угаатал өвчин нь эдгэж, бирмануудын бие тэнгэрийн бие мэт өнгөлөг сайхан болсон гэдэг🙏 💚Индра тэнгэрийн элчийн аюулаас аврагдсан нь💚 Индра хэмээх тэнгэр нь Замбутивын зүүн зүгийг тэтгэгч тэнгэр бөгөөд түүний элч нь Гандари хэмээх ад байдаг ажээ. Тэр ад бол маш хэрцгий бөгөөд ном бясалгагч нарт саад хийдэг ажээ. Хэдэн хувраг ойд бясалган суух үест нэгэн шөнө Индра тэнгэрийн элч ад нар хүрч ирээд зарим нь бирман, зарим нь хүүхэн, зарим нь хувраг, зарим нь бирд, зарим нь ирвэс, бар, чоно болон хувирч айлгасанд ихэнх хуврагууд айсандаа солиорч, эргүү маанаг болцгоогоод бясалгал хийж чадахаа байж дуу дуулан, бүжиглэж цагийг өнгөрөөх болжээ. Түүнийг нэгэн гэлэн сонсоод адын хорлол болохыг мэдэж Дарь Эх бурхан гэж аюулаас аврагч нэгэн байдаг гэж алдаршсан тул тэрээр туслах болов уу хэмээн бодож Энэ ой нь Дарь Эх бурханы ой болой хэмээн бичээд модонд зүүжээ. Тэр даруй адын аюул арилж тэдгээр хуврагуудын ухаан санаа эргэж бүгдээр Дарь Эх бурханд сүсэглэх болсноор Их хөлгөний номд оржээ🙏

💚Үгүйрлийн аюулаас аврагдсан нь💚 Эрт цагт Энэтхэгт маш ядуу нэгэн хүн тэнэж яваад замын хажууд байсан Дарь Эх бурханы чулуун барималд өөрийн зовлон гунигаа ярьсанд тэр баримал хөдөлж ойролцоо байсан сувраганы хажуу дахь газрыг зааж үүнийг ухвал эд баялагийн сан олдоно хэмээжээ. Тэр хүн Дарь Эхийн заасан газрыг ухсанд эрдэнэсээр дүүрсэн алт, мөнгөн хоёр ваар олж, долоон үеийг дуустал баян болсон байна. Мөн өөр нэгэн ядуу хүн Дарь Эх бурханы алдар нэрийг олон удаа дуудан залбирсанд модны навч зүйж нөмөрсөн нэгэн хүүхэн тааралдаж зүүн тийш яв хэмээн хэлжээ. Тэрээр зүүн зүг явсаар нэгэн элстэй газар унтаж хоноглож байтал хонх дуугарах шиг болсноор сэрж хартал хонх хүзүүндээ зүүсэн ногоон өнгийн нэгэн морь туурайгаараа элс цавчлан ухаж байхыг үзэв. Тэр морь хэсэг цавчилж байгаад явсан хойно нь тэрээр очиж морины хонхойлсон газрыг ухтал эхлээд мөнгөн хаалга, тэндээс алтан хаалга, болор хаалга, биндэръяа хаалга зэрэг долоон эрдэнийн хаалга таарсныг дараалан нээж явсаар газар доорхи оронд лусуудын ноён болон сууж баян тарган сайхан амьдарсаар нэгэн удаа тэрхүү газар доорхи нүхнээс гарч иртэл тэр хооронд гурван хааны төр өнгөрсөн байсан гэдэг🙏

💚Садан амрагаас хагацах аюулаас аврагдсан нь💚 Эрт цагт өнөр өтгөн эд баялаг арвин нэгэн хүн байжээ. Тэгтэл нутагт нь өвчин гарч үр хүүхэд хань ижил ах дүү нар нь цөм үхэж орь ганцаар үлджээ. Тэрээр уй гунигт автан тэнэж явсаар нэгэн сүмд ортол тэр сүмийн хуврагууд Дарь Эх бурханы тахилга хурал хурж байхыг үзэж, мөн тэдгээр хуврагуудаас Дарь Эх бурханы эрдмийг сонсож бишрээд нэгэн баглаа цэцэг өргөн залбираад нутагтаа буцаж иртэл хаан түүнд охиноо гэргий болгон өгч тэрээр эрх баялагаар дүүрэн олон үр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болж сайхан амьдрах болсноор Дарь Эх бурханы олон сүм барьж, сүм бүрт Дарь Эх бурханы тахилга хурал уншуулдаг болсон гэдэг🙏 💚Хааны засаглах аюулаас аврагдсан нь💚 Энэтхэгт нэгэн баян хүн байдаг байсан бөгөөд түүнд хаан эзэн нь зарим нэг шалтгаанаар дургүй байх болов. Тэгээд хаан түүнийг бариж цаазлах гэм хайж суусаар нэгэн удаа тэр баян хааны алба хэдэн хүнийг дагуулж хааны нутгаас өөр газар руу зөвшөөрөлгүй авсан учир тэрээр дөрвөн бөхийг илгээж түүнийг хүлүүлэн авчирчээ. Баян ирэх замдаа Дарь Эх бурханд чин үнэнээсээ залбирсаар явтал бурханы ивээл адисаар тэр баян хааны ордны босгыг гишгин ортол босго нь алт болсон бөгөөд гянданд хийтэл тэнд эрдэнэсээр бороо орж, өргөст модонд дүүжилтэл тэр мод нь жимст сайхан мод болон хувирах зэрэг сонин явдал тохиолдсонд хаан болон албатууд гайхширч Ийм буянтай хүнийг цаазалж яахан болохсон билээ гэцгээн түүнийг хаан түшмэлээ болгон авчээ🙏

💚Аянгын аюулаас аврагдсан нь💚Бенгали хэмээх орны нэгэн хүн тариалан газрынхаа захаар алхаж яваад нэгэн бирдийн хөрөг чулуу байсныг гишгээд өнгөрчээ. Түүнд бирд уурлан шөнө нь тэдний гэр дээрээс хорин нэгэн галт аянгын сум буулгасанд тэр хүн Дарь Эх бурханд залбирвал аянга нь цэцэг болон хувирч түүний гэр оронд ямар ч балаг хөнөөлгүй өнгөрчээ. Аянгын сумууд тэр айлын гэрт үлдсэнийг тэрээр олон бясалгалч шидтэнд өгсөн нь шид бүтээхэд их хэрэгтэй зай болсон гэдэг🙏 💚Хэрэг үйл бүтэхгүйн аюулаас аварсан нь💚 Нэгэн хүн өөрийн тариалангийн газартай болохоор шийдэж анжис худалдан авчээ. Улмаар хаанаас газар гуйж худалдан авахын тулд алс холын эрдэнэсийн арал руу онгоц хөлөглөн явав. Ингэхдээ өөрийн эд хөрөнгөө найз нөхөртөө хадгалуулаад орхиж явсаар эрдэнэсийн арал олох гэж их л удсан бөгөөд нэгэн өдөр азаар эрдэнэсийн аралтай тааралдаж онгоцондоо эрдэнэсийг дүүртэл ачаад эргэж явтал онгоцыг нь матар загас хошуугаар цоолсон учир онгоц нь эвдэрчээ. Өөрөө нэгэн хавтгай модоос зуурч давалгааны аясаар хөвсөөр эх газарт гарч ирээд найзыгаа хайн сурч иртэл тэр нь баранд идэгдэн үхсэн байжээ. Тэрээр ажил үйл нь үл бүтсэн учир санаагаар унан суутал нэгэн нөхөр нь түүнийг Дарь Эх бурхан шүтэхийг зөвлөснөөр Дарь Эх бурханд сүсэглэн залбиртал зүүдэнд нь Синдү мөрний хөвөөнд оч бодсон хэрэг чинь бүтнэ” гэж хэлэхийг сонсоод Синдү мөрний хөвөөнд очтол далайд эвдэрсэн онгоцонд орхисон эд эрдэнэс нь далайн хөвөөнд гарч ирсэн байхыг олж авав. Мөн найзынхаа үхсэн газар очиж нэгэн газрыг ухтал өөрийнх нь хадгалуулсан эд хөрөнгө гарч ирсэн тул тэр бүгдийгээ аван нутагтаа ирж хаанд олон эрдэнэс өргөсөнд хаан түүнд таван хотын их газар шагнан өгсөн нь Дарь Эх бурханы ивээл байжээ💚 🌏Даян дэлхийн энх амгалан, Хүн төрөлхтөн амар амгалан байх болтугай🙏

Leave a Reply

Your email address will not be published.