Хонконгийн онгоцны буудал дээр монгол бүсгүйчүүд нийлж алмаз эрдэнэ хулгайлжээ

Шилдэг хулгайч нар Шилийн богдод тангараг өргөнө

Хонконгийн онгоцны буудал дээр монгол бүсгүйчүүд нийлж, алмаз эрдэнэ хулгайлжээ. Харам­салтай нь бариг­дчихаж. Монголын хулгайч нарын боловсрол дээшилж, арга нь нарийсч, баргийн юмыг тоож хумслахаа больсон гэдгийг гадныхан мэдчихсэн бололтой юм. Алмаз хулгайд алдагдлаа гэнгүүт л овсгоо самбаатай, чанар чансаатай юм “туудаг”-аар нь монголчуудыг л сэжиглээ биз дээ, бодвол. Монгол хулгайч нар ялих шалихгүй юм авдаг бага гарынхан биш гэдгээ гадны улс орныхонд харуулсаар байгаа нь гайхалтай хэрэг биш гэж үү. Алмаз хулгайлна гэдэг чинь баргийн хулгайчийн хийж чадах ажил биш.

Сингапурын томоохон дэл­гүүрээс LCD телевизор үүрээд баригдахгүй гар­чихна, үнэтэй брэндийн дэл­гүүрийг хоослоод зуг­тчихна. Нөүтбүүк, гар утас энэ тэр бол “үдийн будаа”. Нүд ирмэхийн зуурт гар нь хөдлөх шиг болоход л гүйцэлдүүлнэ. Англи, Америкт алдагдсан нөүтбүүк, гар утасны ихэнх нь Монголд “ороод ирчихсэн” байна гээд бод доо. Ямар гайхамшигтай, гайхалтай ур чадвар миний ард түмэнд байна вэ. Нэг юмаараа ч гэсэн гайхуулъя л даа. Царцаа Намжил, Цахиур Төмөр, Тоорой Банди, Тогос Чүлтэм гээд шилийн сайн эрсийн нэр дуулддаг л юм. Тэд хэн юм бэ. Таних ч үгүй юм байна. Нэг муу хийх ажлаа олж ядсан адууны хулгайч нар гэх чинь билээ. Харин шинэ цагийн боловсролтой, чадвартай хулгайч нараа магтан дуулж, алдаршуулъя л даа. Харь орны томоохон дэлгүүрээс үнэтэй цайтайг нь “тууж”, алт мөнгө, алмаз эрдэнийг нь хулгайлсан шилдэг хулгайч нараа цуглуулж байгаад Шилийн Богдод сүртэй гоё наадам хийж, тангараг өргүүлж, патент эрхийг нь өгвөл бүр ч догь. Хулгайлсан эд зүйлээр нь үзэсгэлэн гаргаж, дуудлага худалдаа зохион байгуулах эрхийг нь олговол бүр ч янзтай. Тэднээс боловсролгүй, чад­­варгүй жижиг гарын хулгайч нар ичиж таарна. Гадаадын олон улсын нисэх онгоцны буудал дээр алмааз хулгайлсан хүний дэргэд автобус дотор тэтгэврийн хөгшний түрийвчийг нь суйлсан хулгайч юу ярих юм бэ. Ичсэндээ хулгай хийхээ больж ч мэдэх юм шүү.

Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!