Дуучин Ука: Хүүгээ чам шигээ сайн хүн болгож өсгөнө өө

Ганц бие гэх тодотголоо нэг л өдөр гээж орхиод хүний хань, хүүгийн ээж болоод байгаа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука ийнхүү өгүүлжээ. Уран бүтээлээс өөр юу ч бодохгүй явсаар нэг л мэдэхэд гучин насны босго давсан тэрбээр хайр дурлалаа олсон даруйд гэр бүлийн амьдралд яарсан гэдэг. Тиймдээ ч хөл хүндтэй байхдаа сонсогч фэнүүдээсээ чамгүй нууцалж, Англи улсад анхны үрээ өлгийдөж авсан юм билээ.

Айлын гэр бүл үймүүлж, хүний нөхрийг салгаж суусан гэх олны яриаг эрс няцааж буй дуучин бүсгүй маань “Нөхрөө тэгж дэлгэрэнгүй танилцуулаад яах вэ. Ямар ч байсан сайхан ханьтай болсон. Бидний хайраас дэлбээлсэн хөөрхөн хүүтэй боллоо. Энэ бол амьдралаас надад өгсөн хамгийн гайхалтай бэлэг. Өөрийгөө маш азтайд тооцдог шүү. Миний хань Англид докторын зэргээ хамгаалахаар суралцдаг. Уялдаа холбоо нь тэгж таарсан учраас тэнд хүүгээ төрүүлсэн дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан аж.

Мөн ээж болсноосоо хойш их л уярамтгай, сэтгэл нь зөөлөрч буйг ярихдаа “Төрөнгүүт л ижийгээ боддог гэдэг бас үгүй ээ. За хүүхэдтэй болчихлоо, хүүхэд маань эрүүл саруул байна, ханьдаа, эмч нартаа баярлалаа л гэж бодогддог юм билээ. Харин хоёр дахь, гурав дахь хоногоос шөнө дөлөөр сэрээд л хүүгээ хөхүүлж суухад л ижий минь бодогдож, үгүйлдэг юм билээ. Ээж минь зургаагийн зургаан хүүхдээ ингэж өсгөсөн юм байна шүү гэж ижийгээ хайрлах, санах сэтгэл хамгийн их төрж байлаа. Тэгж бодохоор 9, 10 хүүхэд түүнээс ч олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ижий бурхдыг бишрээд ханамгүй. Тэгээд л төрөөд удаагүй байхдаа хань руугаа “Хүүгээ чам шигээ сайн хүн болгож өсгөнө өө. Ирээдүйд хэн нэгэн бүсгүйн сайн хань нь болох учир” гэсэн утгатай мессеж бичиж байлаа” хэмээсэн байна. Өдгөө нэг ой хүрч, ээж аавынхаа хайрын бурхан болж яваа бяцхан хүүдээ дуучин бүсгүй маань Сүбээдэй гэх нэрийг хайрласан гэдэг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!