Categories
Чөлөөт

Хөтлөгч Э.Уянга: Хадам ээж маань “Ач нараа би өөрөө харж, хүмүүжүүлэх болно” гээд гэртээ амрах байсан цагаа охидод маань зориулж, бидэнд сэтгэл амар ажиллах боломж өгч байгаад нь байнга талархаж, чин итгэл үнэмшлээр “Ээж ээ” гэж хайрлан дууддаг…..

МҮОНТ-ээр цацагдаж байсан “Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр олон түмнээ танигдсан жүжигчин хөтлөгч Э.Уянга нь өдгөө хоёр хүүхдийн ээж болсон билээ. Өдгөө хоёр хүүхдийн ээж болсон түүнд хадам ээж нь маш их тусалдаг гэнэ шүү. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа Намайг ажилдаа эргэн орохыг хамгийн их дэмжиж ойлгосон хүн хадам ээж маань. “Ач нараа би өөрөө харж, хүмүүжүүлэх болно” гээд гэртээ амрах байсан цагаа охидод маань зориулж, бидэнд сэтгэл амар ажиллах боломж өгч байгаад нь байнга талархаж, чин итгэл үнэмшлээр “Ээж ээ” гэж хайрлан дууддаг. Хүүхдүүд бага байгаа энэ үед амарна гэдэг дээдийн тансаглал болж хувирдаг юм байна. Энэ тал дээр сайн туршлагагүй л байна. Тухай тухайн үедээ л зохицуулаад, ярилцаад явдаг даа. Миний хувьд ээж болохоосоо өмнө маш идэвхтэй, хөдөлгөөнтэй ажил хийдэг байж байгаад төлөвлөсөн хугацаанаасаа хоёр дахин их хугацаанд гэрт суучихсан чинь эрхгүй стресст орсон. Төрөөд удаагүй байгаа ээжүүд бүр л ийм сэтгэл гутралын байдалд ордог юм билээ. Энэ үедээ дотроо хурааж хуримтлуулж, дарах гэхээсээ нөхөр болон ээжтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Эрчүүд аливаа зүйлийг том зургаар нь хардаг болохоор өдөр тутмын нарийн ширийн зүйлсийг ажиглаж мэдэхдээ жаахан удаан. Тиймээс санаачилгаа гартаа аваад, нөхрөө ажиглаж мэдэхийг нь хүлээн суулгүй нөхцөл байдал, сэтгэл санаагаа илэн далангүй өөрөө эхлээд ярьж мэдүүлэх нь илүү үр дүнтэй санагдсан. Ажигласнаар бол хосууд энэ үедээ л харилцаандаа сэв суулгаж, хүйтэн хөндий байдалд шилжчихдэг юм шиг. Тийм байдалд орчихсон эр хүн өөрийн эрхгүй “Энэ хүн миний анх хайрласан эмэгтэй биш байж, эхнэр маань үнэндээ өөр хүн байж, энэ миний хүссэн амьдрал биш байна, үнэндээ би гэр бүлийн амьдралд бэлэн биш байсан юм байна” гэх мэт эргэлзээтэй байдалд орчихдог юм шиг. Хэрэв ийм байдалд орсон шинэхэн аавууд байвал “Түрхэн тэвчээд, эхнэрээ сонсоорой. Чиний анх хайрлаж дурласан бүсгүй зүгээр л хэсэг хугацаанд өөрийнхөө том өөрчлөлтийг хүлээж авч, ойлгох сорилттой байгаа юм, тэр үед нь харин ч хамт байгаарай. Удахгүй чиний дурласан хүн буцаад л ирнэ” гэж хэлмээр санагддаг. Хэвлэлд өгч байсан ярилцлагаас хүргэе -Та “Хэцүү анги” кинонд тоглохдоо хэдэн настай байв? -16 настай байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн зунаа уг кинонд тоглосон байхгүй юу. Хаваржин шалгалтандаа бэлдээд, зургадугаар сард кино зураг авалт эхэлсэн. Кинонд тоглож байхдаа ЭЕШ-ээ өгөөд зураг авалтынхаа дундуур чөлөө авч сургуулиа хөөцөлдөж байлаа. Намар нь кино зураг авалт дөнгөж дуусаад оюутан болсон доо. -Та тухайн үед кино зохиолтойгоо хэрхэн ажилласан бэ? -Жүжигчдэд арав арван ангиар нь зохиолоо өгдөг байсан. Уг кинонд тоглож байхдаа яаж төгсөхийг нь мэдэхгүй байсан. Эхлээд надад “Чи ангийн багшийгаа дэмждэг, онц сурлагатай, удирдаж зохион байгуулдаг сайн охин” гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд ангийн багшийнхаа талд ороод, Гэрлээтэйгээ найзлаад явж байх юм байна гэж бодоод байж байтал киноны 40 дүгээр ангиас хойших зохиол ирэхэд би Тэнүүнд дурлаад, найзыгаа гомдоогоод л самарсан үйл явдлууд болоод эхэлсэн. Гурван сарын туршид Сувдаа гэдэг нэрээр дуудуулахаар тухайн дүрдээ автдаг. Бас жинхэнээсээ Тэнүүндээ дурладаг юм билээ. Гэхдээ би Тэнүүнд л дурласан болохоос М.Баярбат ахад дурлаагүй. Сонирхуулаад ярихад, Б.Бадамцэцэгтэй хоёулхнаа өрөөндөө зураг авалтгүй үлдчихсэн байж байтал хайрын дуу сонсоод л, гуниглаад л дурлалын шинж тэмдгүүд бид хоёроос илрээд байсан байхгүй юу. Тэгээд би “Нээх сонин. Хүнд сайн болчихсон юм шиг санагдаад байх юм аа” гэсэн чинь “Харин тийн” гээд Бадмаа маань босоод ирсэн. “Гэхдээ хэнд гэдгийг нь мэдэхгүй байгаа биз” гэсэн чинь “Харин тийн” гэсэн. Бадмаа маань ч киноныхоо Тэнүүнд дурласан, би ч бас Тэнүүнд дурласан. Дүрдээ автчихсан учраас хөнгөн гунигтай, дотроо зөрчилтэй байгаад байсан юм байна гэдгийг дараа нь ойлгож байгаа байхгүй юу. Би мэргэжлийн жүжигчин биш, надад мэргэжлийн багш байхгүй. “Хэцүү анги” кинонд өөрийн зөн, мэдрэмжээрээ л тоглосон. Одоо бодохоор тэр нь оносон юм шиг санагддаг. Арван жилийн жаахан охины дүр учраас хэтэрхий их юм бодоод, хэт их хичээсэн бол худлаа болох байсан болов уу гэж боддог юм. -“Хэцүү анги” кино дэлгэцээр цацагдсаны дараа олны танил байхын дарамтыг хэр мэдэрсэн бэ? -Намайг их сургуульд орох үед “Хэцүү анги” кино дэлгэцээр цацагдаагүй байсан учраас хэн ч намайг танихгүй, найзуудтайгаа чөлөөтэй байдаг байсан. Кино гарсны дараа хүмүүс намайг ингэх байх, тэгэх байх гэсэн тооцоолол надад байгаагүй л дээ. “Хэцүү анги” киноны нэгдүгээр анги цацагдсаны маргааш сургууль дээрээ ирэхэд уур амьсгал тэс өөр болчихсон байсан. МУИС-ийн хичээлийн II байраар ороод хувцсаа өлгүүлж байхад тэнд байсан хүүхдүүд зэрвэс зэрвэс хараад байхаар нь гайхаад, тэгээд хоёр давхар луу гартал тэнд байсан хүүхдүүд бас гайхаж хараад байсан. Гурван давхар луу гарахад манай сургуулийнхан ч бас намайг ширтээд л байлаа, цаашлаад анги руугаа ортол өөдөөс “өчигдөр чиний киног үзсэн” гэхээр нь сая хүмүүсийн гайхаж хараад байсны учрыг ойлгосон. “Хэцүү анги” кино бидний төсөөлөөгүй том амжилтад хүрсэн. Тэр үед сошиал өнөөдрийнх шиг хөгжсөн байсан бол “37-р Точка” гэж шуурч байгаа шиг л юм болох байсан болов уу гэж боддог. Бид нарт маш их захиа ирдэг байсан. Манай Сүнжид багшид хөдөөнөөс мах хүртэл явуулдаг байлаа. Тэнүүнтэй үерхээд, Гэрлээтэй зөрчилддөг хэсэг дэлгэцээр гарч байх үед над руу охидуудаас айхавтар дайралтууд ирдэг байсан. Гудамжинд явж байхад хүртэл хажуугаар мөрлөж өнгөрдөг байлаа. Тэр үед хүн болгон таниад байхаар гоё л байсан. Гэхдээ бас тухайн үеийн жаахан охиныг шархлуулж байсан үйл явдлууд ч зөндөө болж байсан. Сайтуудаар үнэн худал баахан шар мэдээнүүд нийтлэгдэнэ. Мэдээнийх нь доод талын комментууд үнэхээр аймшгийн. Хүмүүс дураараа коммент бичдэг, шилжилтийн насны жаахан охин үүнийг уншаад яах бол гэж ерөөсөө боддоггүй. Хүмүүс хүнийг хайр найргүй дэвсэлдэг юм байна гэдгийг би эрт мэдэрсэн. Тэгээд ээждээ “намайг энд тэгээд худлаа биччихсэн байна” гээд уйлаад хэлсэн чинь урдаас загнасан. “Хохино. Чи яагаад уйлаад тэр хүмүүст боломж олгоод сууж байгаа юм. Чи нус нулимстайгаа хутгалдаад байж байх байсан юм бол яах гэж тэр кинонд тоглосон юм” гэж ээждээ зад загнуулаад л “Хүнд цагаан өнгө байдаг бол хар өнгө бас зэрэгцээд оршдог юм байна” гэдгийг ойлгосон. Одоо бол хэр баргийн зүйлд эмзэглэж, сэтгэлээр унаад байдаггүй. -Одоо ер нь шар хэвлэлийн мэдээнд хэр эмзэглэдэг вэ? -Тоодоггүй. Уншдаг ч үгүй. -“Хэцүү анги” киноны зураг авалтын үеэр уг уран бүтээлд тоглосон жүжигчдээс хоорондоо үерхдэг байсан тохиолдол бий юү? -М.Наранмөнх бид хоёр үерхдэг байсан. М.Наранмөнх тэр үед Болдын “Захиа” дууны клипэнд тоглочихсон гоё, царайлаг ах байсан. Кино зураг авалтын үеэр сар орчим үерхсэн. Тэр үед жаахан хүүхдүүд байсан юм чинь аргагүй шүү дээ. Пионерийн зусланд долоо хоног амраад ирэхэд л үерхээд, нэгэндээ сайн болоод гомдоод ирдэг биз дээ. Кино зураг авалтын үеэр бид нар гурван сар хамт амьдарсан. Яг зусланд байгаа юм шиг. -“Хэцүү анги” кино дэлгэцэнд гарсны дараа танд хөвгүүдээс хэр олон хайрын захиа ирсэн бэ? -Нэлээд ирдэг байсан. Австралид сурдаг байсан нэг хүү киног маань үзэж надад дурлаад, надад зориулж дуу хүртэл хийсэн. Бас миний зураг болгонд шүлэг зориулж бичээд блог хийчихсэн байсан. Тэр блогоо их идэвхтэй хөтөлдөг байлаа. Блог руу нь ороод үзтэл миний зураг болгон дээр шүлэг зохиож биччихсэн маш гоё блог байсан. Надад зориулж хийсэн дуу нь блог руу нь орохоор шууд явдаг. Тэр хүү асар хүчтэй дурласан юм байна гэдгийг би мэдэрсэн. Өөрөө Австралид байдаг хэрнээ миний утасны дугаарыг олж над руу залгаад “Одоо манай найз танай хаалгыг тогшино. Чи таван секундын дараа хаалгаа онгойлгоорой” гэсэн. Манай гэрийг ч яаж олсон юм бүү мэд. Хаалгаа нээсэн чинь үүдэнд бэлэг тавьчихсан байсан. Тэгээд би “Хөөх, бэлэг байна шүү дээ” гэсэн чинь “Би чамд өгч байгаа юм аа” гэлээ, хариуд нь “Баярлалаа” гэтэл “Манай найз одоо танай орцноос гарч амжаагүй байгаа. Чи Баярлалаа гээд орилчихоорой” гэсэн. Би “Баярлалаа” гээд хашхирсан чинь тээр доороос найз нь “Зүгээр ээ” гээд гараад гүйчихсэн.\инээв\ Тэр хүүг Монголд ирэхээр нь уулзаж, ярилцсан. Тэгээд “Би Сувдаагаас өөр охин. Чи Уянгаад биш Сувдаад дурласан байх аа. Сувдаатай адилхан охинтой учрах байх аа” гэж хэлсэн дээ. -Одоо тэр хүүтэй найз нөхдийн холбоотой байдаг уу? -Холбоотой байдаггүй ээ. Фейсбүүкээр л хаана явааг нь мэддэг юм. Охинтой болсон гэсэн. Охиндоо Уянгаа гэдэг нэр өгсөн байна лээ. -Та “Хэцүү анги” кинонд тоглоод хэдэн төгрөгний цалин авсан бэ? -100 мянган төгрөгний цалин авсан. Гэхдээ би бүр цалин ч авахгүй гэж бодож байсан. Мөнгө нь надад ерөөсөө сонин байгаагүй. Би тэр кинонд өөрийгөө үлдээсэн нь л гоё байсан. “Хэцүү анги” кино 2009 онд хийгдсэн. Кино маань бүтээгдээд 11 жил өнгөрсөн хэдий ч өнөөдөр би киноныхоо талаар чамтай ярилцаад сууж байна. “Хэцүү анги” кино надад маш олон үүд хаалгыг нээж, амьдралыг минь өнгөлж өгсөн. -Та утга зохиол судлалын ангийг төгсссөн мөртөө яагаад телевизид хөтлөгчөөр ажиллах сонголтыг хийсэн бэ? -Дадлага хийх гэж “UBS”телевизид очоод, тэр чигтээ үлдчихсэн. Аав ээж хоёр маань телевизийн найруулагч, би өөрөө хүүхэд байхаасаа МҮОНРТ-ийн “Цоглог” хөтөлбөрийг хөтөлдөг байсан учраас телевиз надад илүү ойрхон санагдсан. Дадлагаа дуусгаад “Алтан бөмбөрцөг” киноны нэвтрүүлэг хийдэг болоод, сүүлд нь тэр нэвтрүүлгээ өөрөө хөтөлдөг болсон. -“Хэцүү анги” кинонд тоглосны тань дараа олон найруулагчаас киноны санал ирсэн байх. Танд саналаас нь татгалзсандаа харамсдаг дүр бий юү? -Байхгүй ээ. Би тийм олон дүрээс татгалзаагүй. Татгалзсан дүрүүддээ дараа нь харамсаагүй. Тоглосон дүрүүддээ ч харамсдаггүй. Миний хамгийн хайртай дүр Сувдаа. Хэзээд л Сувдаа байна. Яаж ч хичээж тоглосон Сувдаагаас илүү гарахаар тоглож чадахгүй. Яагаад гэвэл энэ дүрд би зөн мэдрэмжээрээ л тоглосон. -Танд тоглохыг хүсдэг ямар нэгэн дүр байдаг уу? -Намайг ер нь найруулагч нар гэнэн цайлган, даруухан гэх ч юм уу эерэг талаас нь хардаг. Хэрвээ би найруулагч байсан бол тухайн жүжигчнийг өөрөөс нь тэс өөр хүний дүрд өөрчилж тоглуулах байсан. Тэгж байж найруулагчийн ур чадвар, ажиллагаа, жүжигчний өөрчлөгдөх чадвар харагдах болов уу гэж боддог. Энэ үүднээс би хэлэмгий доломгой хүний юм уу, эсвэл бүүр эсрэг дүрд тоглохыг хүсдэг. Би орилж хашхирч, юм эвдэж сүйтгэж, уурлаж, харааж жүжиглэж үзмээр байна. Тийм дүрийг би хэрхэн бүтээх бол гэж бодохоор надад сонин санагддаг байхгүй юу. -Драмын жүжгийн ямар нэгэн дүрд тоглохыг мөрөөддөг байсан уу? -Үгүй. Яагаад гэхээр би мэргэжлийн жүжигчин биш. Хэрвээ жүжигчин миний мэргэжил байсан бол ямар нэгэн драмын дүрд тоглохыг мөрөөдөх л байсан. Нүцгэлэх ч юм уу, хэт задгай насанд хүрэгчдийн кинонд тоглооч гэсэн санал надад ирж байсан. Би тийм төрлийн кинонд тоглож чадахгүй. Би ичээд байдаг байхгүй юу. Драмын театрыг хэзээ ч зүрхэлж мөрөөдөж байгаагүй. Тэр бол миний байх ёстой газар биш. Гэхдээ нэг удаа “Ромео Жульетта” жүжиг шинээр тавигдах гээд дүрийн сонгон шалгаруулалт явагдаж байхад жүжигчин А.Алтанхуяг ах надаас “Би дүрийн сонгон шалгаруулалтад орох гэж байгаа юм аа. Чи надтай хамтарч Ромео Жульеттад тоглоод өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд бид хоёр уг жүжгийн үзэгдлээс бэлдэж байгаад хамтдаа сонгон шалгаруулалтад орж байсан. Драмын жүжигт тоглоход ямар их эрчим, яасан гайхамшигтай орон зай байдаг вэ гэдгийг би тэгэхэд мэдэрсэн. Бас маш их айсан. Театрын тайз бол мэргэжлийн хүний л тайз байдаг юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон. -Та түрүүн “Би “Хэцүү анги” киноны Сувдаагаас өөр хүн” гэсэн. Тэгвэл Уянгаагийн зан чанарыг тодорхойлж хэлээч? -Сүүлийн үед хүүхдийнхээ хүмүүжилд санаа тавиад ирэхээр өөрийнхөө хүмүүжил рүү өнгийх л хэрэгтэй болдог юм байна. Би өөртэйгөө л байхдаа маш их тухтай хүн юм байна гэдгээ ойлгоод байгаа. Хүмүүстэй нээлттэй харьцаж чадна, эелдэг байж, яриа өрнүүлж, тэднийг сонсож, тэдэнд зөвлөж туслахыг хичээдэг. Гэхдээ эргээд өөр лүүгээ оруулах аягүй дургүй хүн юм байна гэдгээ сүүлийн үед анзаарч байна л даа. Хүмүүс хэтэрхий их над руу чиглээд байх юм бол би тухгүй болдог, өөрийгөө хаадаг. -Таны хүндэлдэг найруулагч хэн бэ? -Миний хүндэлдэг найруулагч энэ жил Оскарын шагнал хүртсэн. Бон Жон Хогийн кинонуудыг анхнаас нь эхлээд л үзсэн дээ. Вьетнамд гэр бүлээрээ явж байтал “Бон Жон Хо “Шимэгч” киногоороо Оскарын кино наадмын дөрвөн төрөлд ялагч боллоо” гэхэд нь би маш их баярлаад уг баяраа гоймон чанаж идээд, сөжү ууж тэмдэглэсэн.Монголоос гэвэл, Г.Жигжидсүрэн найруулагчийн “Хүн чулууны нулимс”, И.Нямгаваа найруулагчийн “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай” зэрэг кинонуудад дуртай. Дандаа л хүний дотор луу орсон кинонууд байдаг. Манай аав, ээж хоёр найруулагч болохоор хүүхэд насны минь дурдатгалд аавын тамхины үнэр, Орос киноны яриа хоёр л төсөөлөгддөг.Аав маань амрахаараа өдөржин орос кино л үздэг байсан. -Та уран бүтээлдээ хэзээнээс эргэн орох төлөвлөгөөтэй байгаа вэ? -Эмэгтэй уран бүтээлчид карьер, гэр бүл гэсэн хоёр сонголттой тулгардаг. Миний сонголт гэр бүл байсан. Ирэх есдүгээр сараас ажилдаа оръё гэх төлөвлөгөөтэй байгаа. Уран бүтээлдээ хурдан л эргэж орохгүй бол миний мэргэжил залуу насны л ажил. Надад хүүхдээ аав ээжээрээ, нөхрөөрөө, өөр хүнээр харуулах, эсвэл цэцэрлэгт өгөөд ажлаа хийх олон боломж байсан. Бүгд л зөвшөөрөх байсан учраас, тэгж болох л байсан. Гэхдээ би хүүхдэд ээж нь хэрэгтэй гэдгийг маш их ойлгосон. Би өөрийнхөө хүүхдийг өөрөө л өсгөж, хүмүүжүүлэх ёстой. Хэн нэгэнд өөрийнхөө ачааг үүрүүлэх дургүй. -Хүүхдүүд тань хэр том болж байна? -Би хоёр хүүхэдтэй. Том нь гурван настай. Бага нь ой хоёр сартай.

Leave a Reply

Your email address will not be published.