Монголын хүү Молом нэгэнт “Монголоо” орхин оджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны сайтаас Монголын нэрээр түүнийг хайгаад олсонгүй. Харин Азербайжены тамирчдын жагсаалтаас түүнийг оллоо. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “Саид Моллаеи Азербайжаны төлөө барилдах хүсэлтэй байна” хэмээн Монголын хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн. Азербайжаны жүдо бөхийн холбоо Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа талаар мөн мэдээлж байлаа. Тэгвэл асуудал хэдийнэ нэгэнтээ шийдэгдэж, Олон улсын жүдо бөхийн холбоо шийдвэрээ гаргасан бололтой. Харин манай улсын жүдо бөхийн холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасангүй. Моллай ч өөрөө албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Ямартай Азербайжаны тамирчин болсон ч түүнийг оноог хэвээр үлдээжээ. Саид Моллаеи одоогоор 81 кг-д 2994 оноотойгоор долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Санасандаа хүрдэг дээлтэй аавын хүү байгаарай, Молом оо Саид Моллаеи хэрхэн Монголд ирсэн бэ Тэр яагаад төрөлх эх орноо орхин Монгол Улсын иргэн болов. Тийм ч сайхан замналаар тэр эх оронд минь ирээгүй юм. Түүхийг сөхвөл, Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин 2019 онд Саиед Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Гэвч тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялав.Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу утсаар холбогдон Саид Моллаеиг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Хэрвээ ялалт байгуулвал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн бөгөөд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон Улсад суух Ираны Элчин сайдын яамны төлөөлөгч Саидтай уулзан, дахин сануулжээ. Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн учир хүнд байдалд орсон Саид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагдсан түүхтэй. ДАШТ-ий дараа тэр Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Саид Моллаеи хуулийн дагуу Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлж, уг хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саид Моллаеид Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан түүхтэй.
Монголын нэрийг хэрхэн мандуулав Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнийг Монгол Улс ийнхүү алгаа тосон угтсан. Энэ цагаас эхлэн Монгол Улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон эх орны минь тугийг цөөнгүй удаа мандуулсан. Түүний оролцсон анхны тэмцээн “Чиндао Мастерс 2019” тэмцээн байсан ч тэр амжилт гаргаж чадаагүй юм. Харин Унгарын нийслэл Будапешт хотноо 2020 оны аравдугаар сард болсон “Их дуулга”-д хүрэл медаль хүртэж, Монголын нэрийн өмнөөс барилдах болсноосоо хойш анхны медалиа хүртсэн нь юм. Түүний дараагаар 2021 оны хоёрдугаар сард Тель Авивын “Их дуулга”-аас мөнгөн медаль, 2021 оны дөрөвдүгээр сард Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2021 оны долдугаар сард Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийд гаргасан. Токиогийн олимпоос 29 насандаа Монгол Улсын 29 дэх олимпийн медалийг хүртсэн тэр өөрийнхөө болон Монгол Улсын түүхэнд нэгэн шинэ түүхийг бүтээж байлаа.
Олимпын медальт тамирчдын жагсаалт Мөнгө – Ж.Мөнхбат (Чөлөөт бөх) Хүрэл – Ч.Дамдиншарав (Чөлөөт бөх) Хүрэл- Д.Сэрээтэр (Чөлөөт бөх) Хүрэл – Т.Артаг (Чөлөөт бөх) Мөнгө – Х. Баянмөнх (Чөлөөт бөх) Мөнгө – З. Ойдов (Чөлөөт бөх) Мөнгө – Ц.Дамдин (Жүдо) Мөнгө – Ж.Даваажав (Чөлөөт бөх) Хүрэл – Р.Даваадалай (Жүдо) Хүрэл – Д.Оюунболд (Чөлөөт бөх) Хүрэл – Н.Энхбат (Бокс) Хүрэл – Н.Баярсайхан (Бокс) Хүрэл – Д.Мөнхбаяр (Буудлага) Хүрэл – Д.Нармандах (Жүдо) Хүрэл – Х.Цагаанбаатар (Жүдо) Алт – Н.Түвшинбаяр (Жүдо) Алт – Э.Бадар-Ууган (Бокс) Мөнгө – О.Гүндэгмаа (Буудлага) Мөнгө – П.Сэрдамба (Бокс) Мөнгө – Н.Түвшинбаяр (Жүдо) Мөнгө – Н.Төгсцогт (Бокс) Хүрэл – С.Ням-Очир (Жүдо) Хүрэл – У. Мөнх-Эрдэнэ (Бокс) Хүрэл – С.Батцэцэг (Чөлөөт бөх) Мөнгө – Д.Сумьяа (Жүдо) Хүрэл – Д.Отгондалай (Бокс) Хүрэл-М.Уранцэцэг (Жүдо) Хүрэл – Ц.Цогтбаатар (Жүдо) Мөнгө – Саид Моллай (Жүдо) Хүрэл – Б.Болортуяа (Чөлөөт бөх)Хувь заяаны тохиолоор ч гэх юм уу Саид Моллаеид иргэншил олгосон Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Токиогийн олимпын медалийн тавцанд түүнд шагналыг нь гардуулсан юм. Олимпын тэр цаг мөчид эргэн очиход, түүний барилдааныг уухайлан дэмжсэн монголчуудын түрлэг, Молом хэмээх монгол нэр өгч, аймгуудаараа хуваагдан булаацалдсан хошигнол, монгол дээл хийлгэн угтсан монголчууд нүдний өмнө зурайж байна. Тэр Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсонтой холбогдуулан монголчуудын нэг хэсэг нь гомдож, тунирхаж, зүхэж байна. Эсрэгээрээ сайныг ерөөх нэгэн ч байна. Аль, аль нь хүний эрх. Моллаеи явж буй нь ч түүний эрх. Гэхдээ бид түүнд баярлах хэрэгтэй. Хэдийгээр Монголын нэрийн өмнөөс барилдахааргүй болсон ч монголчуудын түүнд үлдээсэн сайхан бүхнийг тэр хэзээд дурсаж, эх сайхан Монгол орныг минь үүрд дурсаж явна гэдэгт итгэж байна. Алсын замд гарах гэж буй хүнд сайныг ерөөн үддэг шигээ Моломыгоо үдье. Тэр шулуухан замаар хурдтай давхиж яваа нэгэн биш. Өгсүүр, саадтай замаар өөдөө, уруу яваа тамирчин.
Алтан соёмбот төрийн далбааг минь энгэртээ бас Олимпын тэнгэрт, олон олон дэлхийн дэвжээнд мандуулж байсанд тань талархлаа. Монгол гэдэг нэрийг дэлхийн дайдад гаргахын төлөө зүтгэсэн хөдөлмөр, хөлс, хүч, зүтгэл, сэтгэл, тэвчээр бүхэнд тань талархлаа. “Санасандаа хүрдэг дээлтэй аавын хүү байгаарай” хэмээх монгол аавын ерөөлөөр таныг үдье. Сайед Моллай 2017-2022 амжилт 2017 онд гаргасан амжилт2017.3-Бакугийн “Их дуулга”-аас мөнгөн медаль 2017.3-Тбилисийн гран пригээс хүрэл медаль 2017.4-Азийн АШТ-ээс мөнгөн медаль 2017.8-ДАШТ-ээс хүрэл медаль 2017.10-Абу Дабигийн “Их дуулга”-аас хүрэл медаль 2017.11-Хаагийн гранпригээс хүрэл медаль 2017.12-“Мастерс”-т V байр 2018 онд гаргасан амжилт 2018.02-Дьюссельдорфын “Их дуулга”-аас алтан медаль 2018.03-Екатеринбургийн “Их дуулга”-аас хүрэл медаль 2018.08-Азийн наадмаас мөнгөн медаль 2018.09-ДАШТ-ээс алтан медаль 2019 онд гаргасан амжилт 2019.02-Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль 2019.05-Хөх хотын гранпригээс алтан медаль 2019.07-Загребын гранпригээс хүрэл медаль 2019.07-ДАШТ-д 5-р байр 2020 онд гаргасан амжилт 2020.10-Будапештын “Их дуулга”-аас хүрэл медаль 2021 онд гаргасан амжилт 2021.02-Тель Авивын “Их дуулга”-аас мөнгөн медаль 2021.04-Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль 2021.06-ДАШТ-д 7-р байр 2021.07-Токиогийн олимпоос мөнгөн медаль