Бие, хэлний үйлийг зөв жолоодох тийм ч хэцүү биш. Харин сэтгэлийг жолоодох хэцүү. Сэтгэлийг ном үзэж байж зөв тийш нь жолооддог. Монголчууд “Нүүрний хирийг толинд хармуй, Сэтгэлийн хирийг номонд хармуй” хэмээн сургаж ирсэн.
Байнга уншиж, боловсорсон хүн тунгаан боддог. Харин бодож болгоох, тунгаан бодох нь бясалгахын нэр бөгөөд энэ нь сэтгэлд эрдэм төрүүлэхийн үндэс болно. Сонсож сурсан хүн эргэцүүлэн бодно. Боддог хүн юм ухаарна. Ухаарсан хүн нүгэл, буяныг ялгаж танина. Танисан хүн зөв үйл хийнэ. Зөв үйлс буян болно. Буян болон сайн үйлсийн үр дүнд тайван амгалан аж төрнө. Яагаад бусдыг бодох ёстой юм бэ гэвэл бусад хүн бүр яг над шиг, надтай адил аз жаргалтай, зовлон зүдгүүргүй амьдрахыг гээд бүхий л сайн сайхныг хүсч байгаа. Тиймээс бусдад хор хүргэж болохгүй, харин ч сайн яваа нэгнээ дэмжиж, туслах хэрэгтэй. Ингэснээр аливаа сайн сайхан буцаад эзэндээ ирдэг жамтай тул бусдын төлөө буянаа зориулах нь зүйтэй юм. Зарим хүмүүс асуудаг. Бусдад сайн сайхнаа өгчихөөр би өөрөө юу эдлэх юм бэ гэж. Аягатай хоолны дайтай бодоод байгаа юм. Аягатай хоолоо нэг хүнд өгчихөөр би өөрөө юу идэх юм бэ гэж бодоод байгаа юм. Тийм биш. Буян гэдгийг өргөн цар хүрээтэй ойлгох хэрэгтэй. Биеэр хийдэг, хэлээр хийдэг, сэтгэлээр хийдэг, энэ гурвыг нэгтгээд хийдэг олон янзын буян байна. Тэр болгоноо л бусдын сайн сайхны тулд өргөх хэрэгтэй.
Сэтгэлдээ бусдад сайн сайхныг ерөөж яваарай.