41 ЖИЛ АЖИЛЛАЖ 28000 ХҮҮХЭД ЭХ БАРЬЖ АВСАН “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ЭХ БАРИГЧ БАДАРЧИЙН ОЮУНЧИМЭГ: ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙГ ААВ ЭЭЖЭЭС НЬ ӨМНӨ АЛГАН ДЭЭРЭЭ ТОСОЖ АВДАГ ЭХ БАРИГЧ МЭРГЭЖИЛДЭЭ ХАЙРТАЙ. 🥰“Дөнгөж төрсөн нярайг аав, ээжээс нь өмнө алган дээрээ тосож авдаг мэргэжилдээ би хайртай” хэмээх бахархлын эзэн бол нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч Б.Оюунчимэг. Тэрбээр мэргэжлээрээ 41 жил ажиллаж, 28 мянган нярайг өлгийдөн авчээ. Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн Эх барихын ангийг 1981 онд төгссөнөөс хойш “Өргөө” амаржих газарт эх баригчаар ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласаар байгаа ачтан.
Эх баригч Б.Оюунчимэг 🥰 “Би 1981 оноос хойш өнөөг хүртэл эх баригчаар тасралтгүй ажиллахдаа хоёр өнжөөд нэг удаа жижүүрт хонож байна. Тэгэхээр ажил минь миний хоёр дахь гэр халуун дулаан амьдрал буцалсан газар. Бид олон улсын жишгээр сүүлийн жилүүдэд дөнгөж төрсөн эхийг гэр бүлийн хүнтэй нь аль болох хамт байлгаж, тусламж үзүүлэх чиглэл рүү орж байна. Эхнэр нь төрөх гэж олон цагаар өвдөж байхад нөхөр аманд нь ус балгуулж, нурууг нь илээд дэргэд нь байх ёстой гэж үзэх болсон. Нөхөртэйгээ хамт байгаа эхийн сэтгэл тайван байх ба тэр нь төрөлт болон төрсний дараа хөхөнд сүү ороход ч сайнаар нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар төдийгүй амьдрал дээр батлагдсан. Нялх биетэй эхэд гэр бүлийнхнийх нь тусламж, дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. 🥰Дөнгөж төрсөн хүүхдээ харж байгаа ээж, аавын баяр баясгалан ямар сайхан гэж санана! Эх нярайд тусламж үзүүлж, Монголын ирээдүй болсон үрсийг ээж, ааваас нь өмнө алган дээрээ тосон авч, айл гэрт аз жаргал бэлэглэдэг. Тэр аз жаргал нь бидэнд ч гэсэн сайхан энерги цацруулдаг. Биднийг гэгээн сайхан бүхэн хүрээлж байдаг юм” гэлээ.
🥰Эх баригчийн замналаар 41 жил ажиллахад бүх зүйл дардан сайхан байна гэж үгүй. “Хүндрэлтэй төрөлт, эгзэгтэй мэргэжлийн ур чадвар шаардсан төрөлтүүд таарна. Тэр бүхэнд бид бэлэн байх ёстой. Эх баригч хүн хурдан шаламгай, энэрэнгүй, халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр баримтлагч байх ёстой. Дөнгөж төрсөн нярайд халдвар хамгааллын дэглэм баримтлан тусламж үзүүлж, ээж аавд нь эрүүл хүүхдийг нь хүлээлгэн өгөх үүрэг биднийх” гэх түүнд хүйн ээжийн хүндэт алба аз жаргал бэлэглэж ирсэн нь царайнаас нь тодорч, ярианаас нь илэрнэ. 🥰Сүүлийн жилүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн хөгжихийн хэрээр тусламж үйлчилгээ улам сайжирч, эхийг аль болох тав тухтай, сэтгэл ханамжтай төрүүлэх бүх л арга хэмжээг авах болжээ. Эх баригч Оюунчимэг 2015 онд Франц улсын эмнэлэгт Төрөх тасагт ажиллаж, мэргэжил дээшлүүлэхдээ төрөх эмнэлэг бол ээжүүдийн гэр шиг хамгийн тохь тухтай, хүсвэл хайртай хүмүүс нь хамт байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг нь онцгой санагджээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл төрөх эмнэлгүүддээ нэвтэрч, ажлыг тэр чинээгээр хөнгөвчилдөг. Эх баригчдын ажил нь ч ачаалал бага байдаг.
🥰Манай эрүүл мэндийн салбарынхны ажлын ачаалал их, цалин бага байдаг нь эх баригчдыг тойроогүй. Гэвч ажил ихтэй гэж шантраагүй, цалин бага гэж цамнаагүй цаг наргүй ажилласаар, олон мянган үрсийг өлгийдөн авсаар л яваа… 🥰Дөнгөж төрсөн ээж хүйтэн юм барихгүй, гараа усанд дүрэхгүй, усанд орохгүй сар болохыг зөвлөдөг байсан үеийг буруутгах аргагүй. Төрөх үед хүний бие организмд асар их өөрчлөлт орж, нялхардаг. Тиймээс салхинд цохиулж, даарч хөрж, гам алдахаас сэргийлэх гэсэн монгол уламжлал өвлөгдөн ирсэн нь энэ. 🥰Төрснөөс хойш 45 хоногийн дараа эмэгтэй хүний бие организм хэвийн байдалд эргэн ордог. Энэ хүртэл гам барих хэрэгтэй учир гэр бүлийнхний тусламж эх, нярай хоёрт маш чухал. Гэхдээ усанд орохгүй удах биш, ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм барьж, агаарт гарч, дуртай хоол хүнсээ хэрэглэж, хамгийн гол нь даарч болохгүйг анхааруулж байна.
🥰Тэрбээр багш болох мөрөөдөлтэй хүүхэд байсан ч ээж, аав минь “Айлд эмнэлгийн мэргэжлийн нэг хүн байх хэрэгтэй” гэж чиглүүлсний дагуу мэргэжлээ сонгосон хамгийн оновчтой, үнэтэй зөвлөгөө байжээ. Эх баригч мэргэжлийг сонгосондоо үргэлж баярлаж, мэргэжлээрээ бахархаж явдаг. Гэхдээ “Манай хүүхдүүдээс миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй” гэсэн билээ.